Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар олон улсын стандарт, жишигт нийцүүлэн сайжруулж, даатгагчийн эрсдэлийг илүү бодитой, нарийвчилсан, өөрт тохирсон аргаар тооцоолох боломжийг олгох зорилгоор тогтмол хувь, хязгаарлалт, дүрэмд суурилсан аргачлалаас эрсдэлд суурилсан аргачлал руу шилжүүлэх зохицуулалтыг тусгасан “Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталлаа.
Энэ журам ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцааг тоон болон чанарын үзүүлэлтүүдийн хүрээнд авч үзэж, эрсдэлийн түвшнийг зах зээлийн, зээлийн, андеррайтингийн болон үйл ажиллагааны зэрэг эрсдэл тус бүрийн хувьд тооцоолох боломж бүрдэх юм.
Мөн журмын хавсралтаар “Даатгагч өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх заавар”-ыг баталж, даатгагчид өөрийн бизнесийн онцлог, бүтээгдэхүүний багц, санхүүгийн нөхцөл байдалдаа тулгуурлан эрсдэлээ тооцоолох боломжийг олгож, хөрөнгө байршуулах дээд хувь буюу хөрөнгө оруулалтын хязгаарлалтын зохицуулалтыг халж, төрөл, хэлбэрийг нь өргөжүүллээ. Ингэснээр даатгагчийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо боловсронгуй, нээлттэй, ил тод болох, даатгалын зах зээлийн эрсдэлийг урьдчилан таних, сэргийлэх систем нэвтрэх цаашилбал салбарын засаглал сайжирч, тогтвортой байдал хангагдах, хөрөнгө оруулагч, даатгуулагчдын даатгалд итгэх итгэл нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.
Мөн хуралдаанаар “Инновэйшн инвестмент” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаас болон гурван компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн нэг компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар мөн нэг компанид үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр бүртгэхээр шийдвэрлэсний зэрэгцээ нэг хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрэм, нэг компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар тус тус зөвшөөрлөө.
Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх болон банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр хоёр компанид олгохоор, хоёр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд орох өөрчлөлтийг бүртгэхээр шийдвэрлэв. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, нэр бүхий нэг компани, 23 иргэнд үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор боллоо.
Харин нэг компанийн үнэт цаасны зах зээлд брокерын үйл ажиллагаа эрхлэх, хоёр компанийн банк бус санхүүгийн болон банк бус санхүүгийн гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх, нэр бүхий гурван хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, 14 иргэний үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо