УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-ОХУ-д өнчин хүүхдүүдэд сургууль төгссөний дараа байр өгдөг. Тиймээс энийг бид анхаараад бүтэн өнчин хүүхдэд байр олгодог хуулийн заалт оруулж ирэхэд та нар нэг анхаараач. Ямар ч асран хамгаалагчгүй хүмүүс хэцүү шүү дээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Монгол Улсад гэр бүл салалт их нэмэгдэж байна. Гэр бүл салалтын золиос хүүхэд. Салалтын шалтгаан нь таарамжгүй харилцаа, архинаас болж байна. Хамтран амьдрагчдын эрх ашиг байнга зөрчигдөж байна. Амьдралын шаардлагаар гаднын хүмүүстэй гэр бүл болоод хохирдог асуудал байгаа. Үндэсний соён гэгээгүүлэх хөтөлбөрийг батлах зайлшгүй шаардлагатай болжээ. Цус ойртолт бол Үндэсний аюулгүй байдлын том сэдэв шүү. Дээр үед ургийн бичиг хөтөлдөг байсан. Одоо цагт ургийн бичгийг цахимд бий болгох боломж байна уу?
Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо:
-Гэр бүлийн тухай хуульд гэр бүл болохдоо гэрлэлт бүртгүүлэхэд харшлах шалтгааны нэг нь төрөл садны холбоотой гэрлэлтийг бүртгүүлэх боломжгүй. Шинэчилсэн найруулгын төсөлд цус ойртолтоос сэргийлэх, хүн амын удмын санг хамгаалах зорилгоор гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНК-ийн шинжилгээнд хамрагддаг болох боломжийг нээж байгаа. Нөгөө талдаа, ДНК-ийн шинжилгээ бодитой байхын тулд судалгаг сайн хийх хэрэгтэй. Төрөл саданг тогтооход мэдээллийн сангийн суурь судалгаа хэрэгтэй байгааг шүүхийн шинжилгээний байгууллагаас өгч байгаа.Тиймээс гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө ДНК шинжилгээ өгдөг байх заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс тусгасан.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Гэр бүлийн тухай хууль оройтож орж ирсэн. Өнгөрсөн гурван жил намайг сошиалаар хоёр эхнэртэй хууль батлуулах гэж байна гэж гүтгэсэн. Монгол Улс нэг эхнэр, нөхөртэй байх үзэл баримтлал явж байгаа. Гэр бүлийн хуулиар яавал гэр бүл салахгүй байх уу гэдэг талаас нь заалт оруулж ирэх ёстой. Тэтгэмжийн асуудал маш чухал байна. Эцэг нь төлбөрийн чадваргүй эцэг нь архи уугаад явчихсан асуудлыг яах юм бэ. Иргэдтэй уулзахад эрсдэлийн сан байгуулах тухай санал тавьдаг. Гэр бүлийн сэтгэл зүйчид маш хэрэгтэй байна. Гэр бүлийн асуудлаар дагнасан сэтгэлзүйчдийг төрөөс яаж дэмжих вэ?
Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо:
-Жил бүр шүүхэд гэр бүл цуцлуулах 700-2800 гаруй нэхэмжлэл ирж байна. Гэр бүл цуцлахад хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөх эрсдэл үүсдэг. Хүүхдийн тэтгэлэгтэй холбогдуулаад 50 хувь нь төлдөггүй гэсэн судалгаа байна. Үүний цаана төлбөрийн чадваргүй, бүртгэлтэй хаяг дээрээ байдаггүй, эрэн сурвалжлагдаж байгаа гэхчлэн асуудал байдаг.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-72 мянган өрх толгойлсон ээжүүд байна. Айл гэр болж тоглоно. Сална, сарнина. Эрчүүд хүүхдийнхээ тэтгэмжийг авгайдаа өгч байгаа гэж ойлгодог. Хүүхдэдээ өгч байгаа тэтгэмж гэж ойлгодог байх хэрэгтэй. Гэр бүлийн хуулиар гэр бүл цуцлуулбал 100 орчим мянган төгрөгийн тэтгэмж тогтоож байна. Тэрбум төгрөгийн орлоготой ч бай, сая төгрөгийн орлоготой ч бай хуулиар тогтоосон мөнгө өгдөг. Арчаагүй эрчүүдийн байдлаас болж олон мянган ээжүүд өрх толгойлж, нуруун дээрээ амьдралыг авч явж байна. Тэтгэмжийг орлоготой нь дүйцүүлж нэмээд өгөөч ээ. Айл гэр болж тоглочхоод хүүхдэдээ хэдэн төгрөг өгч чадахгүй байгаа эрчүүдээс данснаас нь мөнгийг татдаг авч байх хэрэгтэй. Тэгэхгүй бол дандаа л хүүхэд хохирч байна.
Б.Энхбаяр сайдаа та согтуу жолоочийн хариуцлагыг нэмсэн шигээ эхнэр, хүүхэдээ хаясан эрчүүдийн тэтгэмжийн мөнгийг зоригтой нэмээд өгөөч ээ.
Хууль зүйн сайд Б.Энхбаяр:
-Н.Учрал сайдтай санал нэг байна. Хууль санаачлагчийн хувьд бүр чангалъя гэсэн бодол байсан. Гэхдээ, Үндсэн хууль гэж бий. Үндсэн хуулийн хүрээнд асуудал яригдах ёстой. Засгийн газраар оруулж ирэхэд орлоготой нь уялдуулж тэтгэмжийг нь авъя гэдэг зарчимтай байсан. Үндсэн хуулийн зарчимтай тулсан учраас энэ хүрээнд асуудал яригдаж байгаа. УИХ-д энэ асуудлыг дахин ярих эрх нь нээлттэй. Миний хувьд Н.Учрал сайдтай зүрх сэтгэл адилхан байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Жилд 16 мянган залуу гэр бүлээ бүртгүүлчхээд буцаад 4000 орчим нь гэрлэлтээ цуцлуулж байна. Гэрлэж байгаа дөрвөн залуугийн нэг нь цуцлуулж байна гэсэн үг. Цаана нь хэдэн мянган хүүхэд өнчирч хоцрох вэ. Салаад хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаас бултдаг паразит үе гарч ирж байна. 14 мянган иргэн хүүхдийн тэтгэлэг төлөх ёстойгоос 60 хувь нь хүүхдийнхээ тэтгэлгийг төлдөггүй. Шалтгаан нь ажилгүй, ядуу гэх тайлбар хэлээд хариуцлагаас бултдаг тогтолцоог бид дэмжиж болохгүй. Тиймээс эцэг эхчүүдийг хариуцлагажуулах ёстой. Хариуцлагаас бултвал яах вэ гэдэг асуудал тавигдана. Шүдгүй арслан шиг хууль баталж болохгүй. Хүүхдээ өнчрүүлдэг эцэг эхчүүдэд төр төмөр нүүрээ гаргах ёстой.
Гэр бүлийн хүчирхийллийн 70 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байна. Хүүхдийг эрүүл саруул өсгөх, зөв хүн болгох асуудлыг зөвхөн сургуульд даатгаж болохгүй.
Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа:
-Хүүхэд хамгааллын тухай хуулийг хамтад нь хэлэлцэх ёстой юм биш үү гэж асууж байсан. Гэр бүлүүдийн 32 хувь нь дор хаяж нэг гишүүн нь согтууруулах ундаа хэрэглэдэг гэж хариулсан. Гэр бүл доторх хүчирхийлэл их байна. Тогтвор суурьшилтай гэр бүлийг бий болгохын охидын боловсролыг бууруулах биш согтууруулах ундаатай тэмцэх ёстой.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Гэр бүлийн тухай 3.3-т Монгол Улсын эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна гэсэн заалт байгаа. 9.3.7-д гэрлэгсэд нь бие биедээ үнэнч байна. Гэр бүлийн тогтвортой байдлыг тууштай хангана гэсэн заалттай. Энэ заалт юуг илэрхийлж байна уу гэвэл нууц амраг, араар тавилт хуулиар хориглосон гэх агуулгыг илэрхийлж байна. Гэтэл нууц амраг, араар тавилтаас болоод жилд 6000 хүн гэр бүлээ цуцлуулахаар өргөдөл өгч байна. Үүнээс 10 мянган хүүхэд хагас өнчин болж хувирч байна. Араар тавилтын улмаас хүүхэд хохирч, гэмт хэргийн объект болж байна. Гэтэл тогтвортой байсан гэр бүлийг нэг нөхөр уруу татаж асуудал үүсгээд гэр бүл салгадаг. Тиймээс асуудал үүсгэсэн тэр хүнд хариуцлага тооцох механизм байхгүй байна. Гэр бүлийг бусниулдаг нууц амрагт ямар хариуцлага тооцох вэ?
Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо:
-Хуулийн төсөлд цахимаар саналаа өгсөн хүмүүсийн 90 орчим хувь нь гэр бүлийн гадуурх харилцааг зохицуулах шаардлагатай гэсэн санал ирүүлсэн. Үүнтэй холбогдуулаад заалт орсон нь тухайн хуулийн 9.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний буруутай үйлдлээс шалтгаалж гэрлэлт цуцалсан нь нөхөр, эсвэл эхнэрийн эрх нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан бол иргэний хуульд заасны дагуу хохирогч тал гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргах эрхтэй” гэж тусгасан. Иргэний хуулийн 497-д “гэм хор учирснаас үүсэх хариуцлагыг тодорхой заасан байдаг. Бусдын эрх амь нас сэтгэц, нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн заалт байна. Гэм хор учруулсантай холбоотой шүүхийн шийдвэр гарсан жишээ байдаг.
Хууль зүйн сайд Б.Энхбаяр:
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж араар тавьсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хөндөж байна. Хайр сэтгэл бол хуульчлагдаггүй. Энэ бол цэвэр ёс суртахууны асуудал. Хуульчилж огт болдоггүй харилцаа байна. Гэр бүлийн гишүүн гурав дахь хүн рүү харсан нь уу хайр уу, шохоорхол уу гэдгийг бид мэдэх боломжгүй. Гуравдагч хүнийг харж, хазаж болохгүй гэж хууль бичиж болохгүй.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ.