“Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга асан Д.Сүндийг өчигдөр /2023.11.09/ суллажээ.
Түүнийг хугацаанаас нь өмнө суллах шийдвэрийг Говьсүмбэр аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан байна.
Хэргийг сануулахад: Тэрбээр өөрийн эхнэрийг 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч нарт хээл хахууль өгсөн нь тогтоогдож байв. Иймээс шүүхээс Д.Сүндийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны арванхоёрдугаар сард нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хорих ял оноосон байдаг.
Д.Сүндий нь УИХ-ын гишүүн болох "хүсэл мөрөөдөлтэй" нэгэн. Тиймдээ ч УИХ-ын сонгуульд өрсөлдөж явсан. Хүний хүнлэг бус, хамгийн адгийн чанар бол сул дорой нэгнийг дээрэлхэх, эмэгтэй хүнд гар хүрэх байдаг. Тэгвэл энэ залуу авааль эхнэрээ удаа дараа хэрцгийгээр зодож байсан хэрцгий нэгэн юм. Говьсүмбэр аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх түүнийг хугацаанаас өмнө эрх чөлөөтэй болгож, нийгэмд гаргах шийдвэр гаргалаа. Дахин хайртай дотны хүн, эхнэрийнхээ үйлийг үзэхгүй гэж итгэж найдсаных бизээ... Харин УИХ-ын гишүүн болох тухайд бол эхлээд ХҮН болох ёстой юм.