Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн 200 мянга орчим өрхийн хэрэглээ болсон сайжруулcан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх зааварчилга, аюулгүй ажиллагааг хангуулахаар холбогдох албаныхан хамтран “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүлж байна.
Тус аянд БОАЖЯ, ОББҮХ, НЗДТГ, НАБТГ, МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, “Таван толгой түлш” ХХК болон бусад холбогдох байгууллагууд хамтран оролцож өнөөдөр /2021.09.15/ “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх төвд нээлтээ хийж байна.
Аян “Утаагүй, Угааргүй, Ухаалаг хэрэглэе” уриатайгаар угаарын эрсдэл өндөртэй гурван сарын турш үргэлжилэх юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр:
Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор угаарын хийн хордлогод өртөж болзошгүй өндөр эрсдэлийн түвшинд үнэлгээ хийж, анхаарах шаардлагатай 63620 айл өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилуулж, хэрэглэгчид үйлчлэх төвөөс 24 цагаар хянах боломжтой болсныг газар дээр нь турших
Монгол инженерүүдийн зохион бүтээсэн автомат яндан хөөлөх технологи болон уламжлалт аргаар яндан хөөлөх зааварчилгаа
Айл өрхийн хэрэглээнээс гарах үнсийг ангилан, дахин боловсруулах талаарх мэдээлэл
Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүд, нөөц зэрэг мэдээллийг холбогдох албаныхан өгнө.