Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдтэй уулзах үеэрээ “Тээвэр логистикийн оновчтой шийдэл” болон замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, шийдвэрээ танилцуулжээ.
Тодруулбал, хүнсний бараа, бүтээгдэхүүний түгээлтийг шөнийн тээвэрт шилжүүлэх саналыг гаргасан бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ нь эдийн засаг, зохион байгуулалтын хувьд хүндрэлтэй гэдгийг хэлжээ.
Хүнсний худалдаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Шөнийн түгээлтийг “Ковид-19”-ийн үед хэрэгжүүлсэн. Тухайн үед тулгамдсан асуудал нь ажиллах хүчин байсан. Иймээс шөнийн түгээлтийг хийх боломжгүй, харин бүсчилсэн агуулах байгуулбал илүү зохистой.
Мөн шөнийн цагаар бараа хүлээн авахад зөв зохистой хадгалалт алдагдаж, шөнөөр ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн, ажиллах хүчний хомсдолд орно. Хүнс үйлдвэрлэгч дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлснөөр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ногдох татварын дарамт нэмэгдэж байна. Шөнийн түгээлт том сүлжээ дэлгүүрүүдэд боломжтой ч хувиараа бизнес эрхлэгч нарт хүндрэл учирна” гэсэн байна.
Мөн үеэр иргэд, аж ахуйн нэгжүүд авто замын хөдөлгөөний түгжрэл, зохион байгуулалт, газар олголт, хүнд сурталтай холбоотой саналаа хэлсэн бөгөөд Хотын дарга зөвхөн аль нэг аж ахуйн нэгжид таалагдах шийдвэр гаргахгүй, бодлогын судалгаанд үндэслэн, олонхын эрх ашгийг харгалзаж, тодорхой шийдвэр гаргаж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Тус уулзалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох 700 гаруй хүн оролцжээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС