fitness
  • 391 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-13

Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэдэг. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11-р сарын 14-ний мягмар гарагт тохиож буй юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг  тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор Улсын филармонийн Морин хуурын чуулгыг шагнахаар шийдвэрлэснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр зарлалаа. 

"Чингис хаан" одонг маргааш болох Монгол бахархлын өдрөөр Төрийн ордонд гардуулах юм. 

"
Морин хуур чуулга одоогоор 36 орон тоотой ажиллаж байна. Цаашид тус чуулгыг өргөтгөж, орон тоог нэмэх, хөгжим хэрэгслийг шинэчлэн сайжруулах шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзэж буй бөгөөд ойрын үед Морнин хуур чуулгыг өргөтгөхтэй холбоотой шийдвэр гарна" гэж ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдээлэв.

“Чингис хаан” одонг 2004 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди санаачилсныг УИХ дэмжиж, тухайн жилдээ УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталжээ. Тэргүүн зэргийн одонгийн анхныхыг 2005 онд Монгол Улс анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байв. 

“Чингис хаан” одонгоор:
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулна хэмээн заажээ. 

“Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд: 

  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
  • 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав
  • 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
  • 2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж
  • 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
  • 2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл
  • 2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном
  • 2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай
  • 2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо
  • 2016 онд Дуучин Г.Ариунбаатар
  • 2017 онд Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр
  • 2019 онд “The Hu” хамтлаг
  • 2021 онд Монголын анхны сансрын нисгэгч, Монгол Улсын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа

  • 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн.

  • 2022 онд АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жак Уэтерфорд

  • ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов нар хүртсэн билээ. 


Бусад мэдээ

Ерөнхий сайд үерийн бүсэд ажиллаж УОК, НОК-ын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө

Ерөнхий сайд үерийн бүсэд ажиллаж УОК, НОК-ын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө

Үер, усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон алба

М.Мөнхгэрэл: Ундны усны шинжилгээний дүнд эерэг сорьц илрээгүй

М.Мөнхгэрэл: Ундны усны шинжилгээний дүнд эерэг сорьц илрээгүй

Долоодугаар сард нийслэлд орсон их хэмжээний борооны улмаас орон сууцны зоорийн давхар, нийтийн эзэм

Ариунзул С.
Ариунзул С.