Сүүлийн 30 гаруй жил хүлээгдээд байсан Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг УИХ зүгээс 2020 оны наймдугаар сард Эрүүл Мэндийн даатгалын хуулинд өөрчлөлт оруулсанаар хэрэгжих боломж бүрдсэн билээ. Улмаар 2021 оны нэгдүгээр улирлаас эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээр санхүүжих болж, стратегийн нэг худалдан авагчийн тогтолцооонд шилжээд байна.
Өнөөдөр Эрүүл мэндийн Даатгалын Ерөнхий газрын төв орон нутгийн ажилтнуудад шинэ болон шинээр батлагдсан дүрэм журам, аргачлалыг танилцуулах сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтын нээлт дээр
Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ цар тахлын хүнд үед эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг хийхэд ЭМДЕГ хамт олон мэргэжлийн ур чадвар гарган сайн ажилласныг сайшааж, ДЭМБ зүгээс манай улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэл ба эмийн хөнгөлөлт дээр баримталж буй бодлогууд үр дүн өгч дэвшил гаргаад байгааг саяхан манай улсад айлчилсан ДЭМБ эрүүл мэндийн салбарын санхүүжилт хариуцсан мэргэжлтнүүд онцолсныг дурьдаж баяр хүргэлээ. Салбарын ажилчдын цалин нэмэгдэж, эмнэлгүүдийн санхүүгийн байдал сайжирч, өөрсдөө тоног төхөөрөмжийн шинэчлэлээ хийдэг болсон, 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтанд 2022 онд байрын урьдчилгааг эмнэлгүүд буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон, анхан шатны санхүүжилт хоёр дахин нэмэгдэж, эрт илрүүлэгт 700.000 гаран мянган хүн хамрагдаад байгаа нь энэхүү санхүүгийн реформ үр дүн өгч буйн нэг жишээ гэдгийг тэр онцоллоо. Тэрээр мөн "салбарын санхүүжилтийн шинэчлэл дуусах болоогүй бөгөөд таван жил хүртэл үргэлжилж байж бид зорьсон зорилтондоо хүрнэ" гэдгийг онцоллоо. Мөн ЭМДЕГ дарга Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд гараад байгаа олон сайн дэвшлүүдийг илтгэлдээ танилцууллаа. Сургалтыг ДЭМБ зүгээс санхүүжүүлэн хийж байна.