Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Нийслэлийн Засаг нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг нар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ажилласан. Тодруулбал, “Сүмбэр орд” хотхоны замын урд талаас “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, явган хүний зам тавихаар зарим аж ахуйн нэгжтэй зөвшилцсөн юм. Тухайн байршилд “Сентури Лэнд Марк” ХХК газар эзэмшдэг бөгөөд талбайн хэмжээгээ хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа татсан зөрчил гаргасан юм. Тухайн аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй хашсан талбайг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөлж дуусжээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар: Өнгөрсөн арванхоёрдугаар сард “Сентури Лэнд Марк” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд нэгдүгээр сарын 5-ны дотор зөвшөөрөлгүй татсан хашаагаа чөлөөлөх тухай тусгасан. Гэвч уг аж ахуйн нэгж нь заасан хугацаанд хашаагаа чөлөөлөөгүй, мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул хашааг буулган, газрыг албадан чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн тул гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Энэ хавраас тус талбайд хатуу хучилттай авто зам тавихаар төлөвлөж байна гэв.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь нягтрал ихтэй, авто замын сүлжээ багатай бүс. Тиймээс “Сентури Лэнд Марк” ХХК-ийн газрын хэмжээнээсээ хэтрүүлэн хашсан 2000 метр талбайг чөлөөлж, Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай холбох зам тавих юм. Тус зам нь түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх холбоос зам юм.
Өвлийн улиралд замын бүтээн байгуулалт эхлүүлэх боломжгүй тул эхний ээлжид Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсээс чөлөөлсөн талбайд шороо асгаж, газрыг тэгшлэх аж.