Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Алтан овооны энгэрт байсан ширмэн тогоо 2018 онд хулгайд алдагдсан. Тус аймгийн цагдаагийн газрын албан хаагчид тун саяхан тогоог буцаан олсон байна.
Тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ сарын 26-нд дуусах байжээ. Хэрэг хаагдаж, гэмт этгээдүүд ял завшихаас урьтаж цагдаагийн албан хаагчид тогоог олсон байна. Энэхүү хулгайн хэрэг нь маш нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг байж болзошгүй бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Энэ талаар Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Төрийн тахилгат Алтан овооны энгэрт байрлуулан нутгийн ард иргэд хүндэтгэн дээдэлж ирсэн түүх соёлын дурсгалт зүйл болох тогоо хулгайд алдагдсан. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 5 хоногийн өмнө алба хаагчид маань илрүүлэн нутагтаа авч ирсэн" гэжээ.
Уг ширмэн тогоо нь түүх соёлын дурсгалт зүйл бөгөөд монгол төвд бичиг болон зурагтай аж. Уг тогоог хулгайлж, гараар хийсэн өөр тогоо орлуулж тавьсан хэргийг цагдаагийн байгууллагаас өнөөг хүртэл шалгасаар иржээ.
Ташрамд мэдээлэхэд, Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын албан хаагчид энэ онд нууц далд аргаар үйлдэгдсэн 262 хэргийг илрүүлэн ажилласан байна.