Азийн хөгжлийн банк 1997 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт хямд өртөгтэй орон сууц барих, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд 631.24 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламж, санхүүжилт олгосон байна.
Азийн бусад улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын нийслэлд хүн амын төвлөрөл ихтэй байгааг Азийн хөгжлийн банкны судалгаанд онцолжээ. Тухайлбал: Монгол Улсын 3.3 сая хүний 70 хувь нь хот суурин газарт амьдарч байгаа нь Азийн бусад улстай харьцуулахад 20 хувиар илүү байна.
Тайланд дурдсанаар Улаанбаатар хотын нийт хүн амын 60-аас илүү хувь нь цэвэр, бохир усны шугам, цахилгаан эрчим хүч, засмал зам, нийтийн тээвэр, эмнэлэг, сургууль, орон сууц, амралт зугаалгын газар зэрэг орчин үеийн дэд бүтэц хөгжөөгүй гэр хорооллын бүсэд амьдарч байгаа бол орон нутагт оршин суугчдын 70 хувь нь гэр хороололд амьдарч байгаа аж. Нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж буй Улаанбаатар хотын хүн амын тоо 2000 оноос хойш жил бүр дөрвөөс дээш хувиар өсөж, хотжилтыг тэргүүлж байгаа юм.
Гэр хорооллын айл өрхүүдийн хувьд ундны усны хангамж, хөрсний бохирдол хамгийн гол тулгамдсан асуудал хэвээр байгааг Азийн хөгжлийн банк онцолж байна.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээлснээр 2013 онд Улаанбаатар хотын гэр хороололд 345 мянган иргэн амьдарч байсан бол 2022 оны байдлаар 324 мянга болж 21 мянгаар буурсан нь хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс энэ чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, төслийг ирэх оны эхний сард багтаан боловсруулах ажлын таван дэд хэсэг байгуулаад байна.