fitness
  • 329 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгой анхаарч, 2022 оны тавдугаар сард ҮАБЗ-ийг хуралдуулж, энэ талаар зөвлөмж гаргасан. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, улс орон даяар “Хүнсний хувьсгал”-ыг эхлүүлсэн. Тэрбээр “...Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдана. Үр дүн ч гарах ёстой” гэж байгаа юм. Энэ хүрээнд нэлээд ажлыг амжуулаад байгаа аж. Гэм нь “...Ерөнхийлөгчийн энэ санаачилгын хэрэгжилтийг олон нийтэд хүргэх, ойлгуулах тал дээр илүүтэй анхаарах хэрэгтэй” хэмээн экспертүүд хэлдэг.

Хамгийн гол нь хүнсний аюулгүй байдал бол монгол хүн бүрийн асуудал болоод байгаа юм. Гэтэл бид Үндсэн хуульдаа “...Эрүүл, аюулгүй амьдрах эрхтэй” гээд заачихсан. Мөн Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүний нэг нь “..Хүнсний аюулгүй байдал” гээд хуульчилчихсан.

Энэ утгаараа Ерөнхийлөгчийн “Хүнсний хувьсгал” санаачилга бол зүгээр нэг уриалга, тунхаг төдий биш юм. Өөрийнх нь хэлснээр “...Заавал үр дүн гарах ёстой” гэсэн үг.

Ерөнхийлөгч 2022 онд “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн дээр “...Үйлдвэрлэж, импортолж, экспортолж, борлуулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн эрүүл, чанартай байх ёстой.  Үүнд төр, засаг, ард түмнээрээ анхаарлаа хандуулцгаая.

Итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгааг харуулж байна.

Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа хяналтаа чангатгаж, стандартаа мөрдүүлж, хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой.

Хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ард иргэд, хэрэглэгч, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас тавьж байгаа хүсэлт, шаардлага, гомдлыг холбогдох төрийн болон хяналт шалгалтын байгууллагууд цаг тухайд нь түргэн шуурхай хянан шалгаж, зохих арга хэмжээг авч, алдаа дутагдлыг нь засуулан, үнэн зөв, бодит мэдээллийг олон нийтэд хүргэж байх зайлшгүй шаардлагатай. Үүнд холбогдох байгууллага, албан тушаалтнууд онцгой анхаарч ажиллахыг Төрийн тэргүүн хатуу анхааруулж байна” гэсэн.

Тэгвэл хүнсний аюулгүй байдлын тухайд түүний хэлснийх нь эсрэг үйл ажиллагаа хэвээрээ үргэлжилсээр байна. Хэдхэн хоногийн өмнө, манай “Зууны мэдээ” сониныхон сүүлийн үед нийтийн хүнс болоод байгаа бэлэн гоймонгийн асуудлаар эрэн сурвалжилсан. Азийн хэд хэдэн орноос импортлогддог олон тооны бэлэн гоймон улсын хилээс монгол хүний ходоод хүртэл хяналтгүй “зорчдог” тухай нийтэлсэн.

Ингэхэд, ганцхан энэ бэлэн гоймонгийн асуудал л Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ыг нухчин дарахаар байгаа нь тодорхой болж байгаа юм.

Та бод доо, бэлэн гоймон импортлох бизнес эрхлэхийн тулд төрөөс, хэнээс ч тусгай байтугай, ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй. Хил дээр “...Бэлэн гоймон оруулъя” гээд хил гаалийн зохих татвараа төлөөд л саадгүй нэвтэрнэ. Оруулж ирээд худалдахад хэдэн том сүлжээ дэлгүүрээс бусад нь аюулгүйн анхан шатны баталгаа болох шинжилгээний бичгийг ч шаардахгүй. Тоолж аваад л зарчихна. Ядахад, шинжилгээ гээч нь бэлэн гоймонгийн бүтцийг хүний биед халгаатай эсэхийг эцэслэн нотолж чаддаггүй. Лаборатори маш муутай. Улсын ч юм шиг, хувийн ч юм шиг ганц лаборатори хүнснээс эхлээд хүний хэрэглэдэг бүх зүйлийг шинжилж дүгнэлт гаргаж байна. Харамсалтай нь шинжилдэг стандарт нь төслүүлсэн буюу яг бэлэн гоймондоо зориулагдаагүй байх жишээтэй. Тэгээд тэр шинжилгээний дүгнэлтийг “уншдаг” мэргэжлийнхэн байхгүй. Лав энэ хүнсний хяналт дээр бол системийн уналтад орчихсон байгаа нь маш тодорхой байна. Ийм байхад ашиг орлого бодсон дуртай нэг нь хаанаас ч хамаагүй бэлэн гоймон чирж ирээд л зараад байх нь ойлгомжтой шүү дээ. Тийм л учраас бэлэн гоймон хэмээх сүүлийн 30 жилийн монголчуудын хүнсийг эрүүл, эсвэл хортой эсэхийг тогтоох боломжгүй юм байна лээ. Яг үнэндээ бэлэн хоолны сав баглаан дээрх “хугацаа”-г л хянадаг гэхэд болно. Бусад нь хяналтгүй.

Уг нь бэлэн гоймонд чиг үүргийнхээ дагуу ХХААХҮЯ хяналт тавьж байх ёстой. Тэгээд ч Мэргэжлийн хяналт тараад хүнсний хяналт нь энэ яаманд шилжсэн. Яамных нь сайд дарга нар “Хүнсний хувьсгал” гээд Ерөнхийлөгчийг хаана явна, дагаад л харайлгаад байдаг. Дагаж очоод гоё гоё “эрүүл хүнс” ярина. Гэтэл импортоор орж ирдэг энэ тодорхойгүй бүтээгдэхүүнийг “...Бид мэдэхгүй, зөвшөөрөл өгдөггүй” гээд сууж байна. Тэгэхээр “...ХХААХҮ энэ мэт үйлдлээрээ Ерөнхийлөгчийн санаачилгыг унагаад байна уу” гэмээр харагдаад байгаа юм. Тус яамны сайд Х.Болорчулуун гэж УИХ дээр, ер нь хаана ч ямар нэг сэдэв баривал хэл ам хийгээд, хэлцэл тэмцэл яриад явдаг хүн байдаг. “...Бэлэн гоймонг хяналттай болгоно” гэвэл өлхөн чадна, тэр. Гэтэл энэ мэт хүнсний аюулгүй байдал дээр таг чиг. Яам нь ийм, гаал нь бас хяналт тавихгүй. Тэд “...Татвараа төлчихвөл болно” гээд оруулчихна. “...Буяныг гаргадаггүй, бузрыг оруулдаггүй” лоозонтой гаалийн байгууллагад бэлэн гоймон мэтийн аюултай хүнсний бүтээгдэхүүний импортод хяналт тавих эрх мэдэл бас хэрэгтэй болж байна. Ингээд үзэхээр бэлэн гоймонд төрийн хяналт гэж байхгүй. Тэгсэн атал бэлэн гоймонгийн хэрэглээ жирийн иргэд, тэр байтугай төрийн “хоолны цэс”-нд орчихоод явж байх жишээтэй. Цэрэг арми, Онцгой байдлын албаныхан ч “Аранзны хүнс”-ний нэгээр бэлэн гоймонг албан ёсоор нэхдэг болсон байна. Нэмээд, тэр олон бэлэн гоймон яг дэлхийд сурталчилдаг тухайн компанийнх нь бүтээгдэхүүн мөн үү гэдэг маш эргэлзээтэй. Зарим нь бүр “...Зөвхөн монголчуудад зориулж үйлдвэрлэсэн” гэмээр байдаг. Үүнийг бүгдээрээ мэднэ. Маш ноцтой нь бэлэн гоймон монгол хүний бие организмд хэр зэрэг тохирох вэ. Энэ сэдвээр эрүүл мэндийн салбарынхан, эмч мэргэжилтнүүд мэр сэр дуугардаг. Гэхдээ түүнийгээ ил яриад, тууштай явж чаддаггүй. Магадгүй Ерөнхийлөгчийн хэлсэн “...Хүнсний хангамжаас гадна хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай болжээ. Тухайлбал, хорт хавдрын нас баралтаараа манай улс дэлхийд тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт их байгаа нь манай орны хүнсний чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдэж байгааг харуулж байна” гэсэнд гол хамаатай хүнсний нэг нь бэлэн гоймон биш биз.

Нөгөөтэйгүүр, нэгэнт идэх дуртай болчихсон бэлэн гоймонг эндээ яагаад үйлдвэрлэхгүй байна вэ. Зүй нь гадны томоохон хоолны, кофены газруудын сүлжээг мөнгө төлж оруулж ирдэг шиг бэлэн гоймонгийн том компаниудаас жорыг нь худалдаж аваад Монголд хийхэд арай л өөр “юм” гаргана даа. Гэхдээ хэдэн жилийн өмнө ганц хоёр компани ийм үйлдвэрлэл хийж үзсэн юм байна лээ. Тэгсгээд алга болсон. Яагаад гэхээр “...Монголд хийснээс Хятадаас ч юм уу, Азийн хаа нэгтэйгээс оруулаад ирсэн нь ажил, зардал багатай байсан” гэж дуулдсан. Ер нь хүнс ч гэлтгүй бүхий л үйлдвэрлэл ингэж унадаг л даа. Тиймээс ядаж хүнсээ аюулгүй болгочихвол Монгол Улсын томоохон “Үндэсний аюулгүй байдал” бий болох гээд байдаг. Ингэхийн тулд Ерөнхийлөгчийн “Хүнсний хувьсгал”-ыг нийтээрээ дэмжиж, хэрвээ монгол хүний эрүүл мэндэд халтай бэлэн гоймон мэтийн хүнс байвал тултал шинжилж хэрэглэдэг хэвшилтэй болох хэрэгтэй юм. Үгүй бол наад зах нь хяналтгүй бэлэн гоймонгийн жишээ л гэхэд Ерөнхийлөгчийн “хүнсний хувьсгал”-ын хамгийн том тээг болно. Цаашлаад монгол хүний ходоод жинхэнэ утгаараа хогийн сав болж, эрүүл мэнд нь онц аюултай заналхийлэлд ороод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ”

Б.Дамдин-Очир

Бусад мэдээ

Х.Нямбаатар: Хүнийг цагдан хорилгүйгээр цахим бугуйвч зүүлгэж хэргийг шалгадаг болно

Х.Нямбаатар: Хүнийг цагдан хорилгүйгээр цахим бугуйвч зүүлгэж хэргийг шалгадаг болно

Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах статистикийг Хууль зүйн сайд танилцуулав.Сайд Х.Нямбаатар "2022 онд я

Нэр бүхий банкны ажилтан хуурамч гүйлгээгээр ₮360 саяыг завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Нэр бүхий банкны ажилтан хуурамч гүйлгээгээр ₮360 саяыг завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Хуурамч гүйлгээгээр нэр бүхий банкнаас 360 сая төгрөг завшсан байж болзошгүй хэрэг гарчээ.Тодруулбал

Ариунзул С.
Ариунзул С.