18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах уг Захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг дараах мэдээллийг өгчээ.
Тэрбээр "Электрон тамхийг худалдан борлуулж байгаа худалдааны цэгүүдэд 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи зарахгүй гэсэн анхааруулгуудыг байршуулж эхэлсэн.
Хариуцлагыг илүү сайжруулах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд удаа дараа буюу гурваас дээш удаа электрон тамхи худалдсан бол тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлтэй хариуцлага тооцдог болно.
Электрон тамхийг сурталчилж байгаа зэрэг асуудлыг шийдэхийн тулд хууль эрхзүйн орчин хэрэгтэй. Эрүүл Мэндийн Яаман дээр Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсэг гарсан байгаа. Энэ ажлын хэсэгт Нийслэлийн зүгээс судалгаа болон саналуудыг хүргүүлэхээр ажиллаж байна.
Эцэг эхчүүдийн зүгээс янжуур тамхиндаа ч мөн адил анхаарах хэрэгтэй байгаа талаар хүсэлт ирсэн.
Хэр олон хүүхэд электрон тамхи татаж байгаа талаар бодит тоо байхгүй ч амьдрал дээр хэрэглээ өндөр байгаа нь харагдаж байгаа. Цаашид нарийвчилсан судалгааг хийх хэрэгтэй" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр хүүхдүүдийн хоол шим тэжээлийн асуудалд анхаарах хөтөлбөрийн талаар "Энэ жилээс холбогдох байгууллагуудтай хамтраад хүүхдүүдийн хоол шим тэжээлийн асуудалд анхаарах хөтөлбөрийг боловсруулаад байгаа. Амны хөндийн эрүүл мэнд муу байвал хэчнээн шим тэжээлтэй хоол идээд шим тэжээлээ авч чадахгүй. Иймд энэ оноос Шүд хөтөлбөрийг зарласан.
Төсөл хэрэгжих 10 сургууль дээр шүдний үзлэг явуулж зөвлөмж гарган хоол хүнсний боловсрол олгох хөтөлбөр гаргаж байгаа" гэлээ.
Түүнчлэн Нийслэлээс үе тэнгийнхний дээрэлхэлтэд хэрхэн арга хэмжээ авах талаар жишиг журам боловсруулж байгаа ба хүүхэд хүүхдэдээ нөлөөлөх аяныг хийхээр төлөвлөж байгаа юм байна.