Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Дотоод шүүрэл судлал, Диабетийн төвийн их эмч, Анагаах ухааны магистр П.Чанцалдуламтай ярилцлаа. Тэрбээр бидэнтэй иргэдийн дунд түгээмэл тохиолддог дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэгүүдийн тухай ярилцсан юм. Чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэгүүд бидний аж амьдрал, бие махбод, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, эмчилгээний тухай энэхүү ярилцлагаас мэдэх боломжтой.
Л.Мажиггарав
-Таны эмч болох мөрөөдлийн тухай яриагаар энэхүү ярилцлагаа эхлүүлэхийг хүсч байна?
- Миний авга ах хүнд өвчтэй байлаа. Тэр үед би нэгдүгээр ангийн сурагч л байсан байх. Төрсөн хүүхдүүд нь байхад би л өөрөө авга ахынхаа уух эмнийх нь цагийг цээжилж, яг тухайн цагт нь эмийг нь уулгаж асардаг байсан. Тэгж асарч, эмийг нь уулгах ажил надад их сайхан санагдаж, ер бусын мэдрэмж мэдрэгддэг байлаа. Нэгдүгээр ангийн хүүхэд тэгж хүнийг сайн асарч буйг хараад манай гэр бүл, хамаатнууд намайг эмч болох байх, эмч болохоор төрсөн байх гэж ярьсаар би 10 жилээ төгсөөд л шууд Анагаахад суралцаж эхэлсэн. Би гэр бүл, хамаатан садан, намайг гээд эмчлүүлэхээр ирэх хүн бүрийг эмчлэх хүсэлтэй байлаа.
-Дотоод шүүрэл судлал нь Анагаахын Их Сургуульд элсэн орсон танд хэрхэн нөлөөлж, энэ мэргэжлээр мэргэших замыг нээсэн бэ?
- Миний сонирхол бол эх барих эмэгтэйчүүдийн эмч болох байсан. Оюутан байхдаа хүртэл хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт сайн дураараа ажиллана. Мэс засал хийх дуртай байсан болоод ч тэр үү. Хөл хүнд эх амаржихаар эмнэлэгт ирээд эсэн мэнд хүүхдээ тэврэн инээгээд гарах мэдрэмж хамгийн сайхан нь санагддаг. Гэхдээ эх барих эмэгтэйчүүдийн эмчийн зам мөр удаан үргэлжлээгүй ээ. Сүүлийн жилүүдэд амьдралын хэв маягаас шалтгаалсан таргалалт болон биеийн жингийн илүүдлээс шалтгаалсан чихрийн шижин өвчин нийгмийн асуудал байсан учраас би дотоод шүүрэл судлалын эмчээр мэргэшихээр шийдсэн. Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг нь бусад дотрын эрхтнүүдээс ялгаатай нь хувь хүний амьдралын зөв хэв маягтай шууд холбоо хамааралтай юм. Тийм болохоор би үйлчлүүлэгч нараа эм, тариагаар эмчлэхээс гадна амьдралын зөв хэв маягийг нь зааж сургаж түүгээр эмчлэхийг хичээдэг.
- Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг нь нийтдээ хэдэн эрхтнээс бүрддэг вэ? Хүмүүс их төлөв бамбай булчирхай, нойр булчирхайн тухай мэдлэг, мэдээлэлтэй байдаг?
- Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэгт олон булчирхайлаг эрхтэн ордог гипоталамус, гипофиз, бамбай булчирхай, бамбайн дайвар булчирхай, бөөрний дээд булчирхай, нойр булчирхай, эм бэлгийн булчирхай, эр бэлгийн булчирхай зэрэг хамаарна.
-Тэгвэл та эдгээр эрхтнүүдийн эмгэг, тархалтын талаар дэлгэрүүлэн тайлбарлаж өгч болох уу?
-Монгол улсад сүүлийн жилүүдэд энэ салбарын өвчин эмгэгийн тархалт ихээхэн нэмэгдэж байна. Жишээлбэл, Ж.Сувд нарын судалгаагаар Монгол улсад чихрийн шижин (ЧШ)-гийн тархалт 1999 онд 3.1% байсан бол 2020 оны байдлаар 8.5% болж нэмэгдсэн. Улсын нэгдүгээр төв эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн дунд чихрийн шижин ба бамбай булчирхайн өвчин, таргалалт ихээр нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дунд 2014 онд жилд чихрийн шижин өвчин шинээр 230 орчим тохиолдол оношлогдож байсан бол 2020 оноос 350-с дээш тохиолдол бүртгэгдэж байна. Дотоод шүүрлийн эмгэгүүдээс өнчин тархи, бөөрний дээд булчирхай, бамбайн эмгэгүүд манай орны хувьд харьцангуй цөөн тохиолддог.
-Чихрийн шижин өвчин нүдний хараанд муугаар нөлөөлдөг юм билээ. Нүдний хараанаас гадна өөр олон эрхтэнд ч нөлөөлдөг бололтой?
- Чихрийн шижин өвчин нь бүх эрхтэн системд нөлөөлдөг бөгөөд өвчний эхэн үед цусны глюкоз өндөр байсан ч зовуурь бага байдаг тул анхаарахгүй удаан хугацаанд явсаар нүдний хараа муудах цаашлаад хараагүй болох, бөөрний дутагдалд орж байнгын диализид орох, хөл гар эрвэгнэж бадайрч захын мэдрэлийн үйл ажиллагаа алдагдаж хөлөнд шарх үүсээд хөлөө тайруулах, бүх биеэр шарх, хатги, буглаа зэрэг идээт халдвараар хүндрэх нь элбэг. Зүрхний титэм судас хүртэл бөглөрдөг. Энэ бүхэн нь чихрийн шижин өвчний хяналт муугаас болдог.
Тоо баримт дурдвал, “Насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй бөгөөд чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогддоггүй, чихрийн шижинтэй гурван хүн тутмын нэг нь чихрийн шижингийн шалтгаант нүдний хүндрэлд өртөх эрсдэлтэй ба хөдөлмөрийн насны иргэдийн дундах хараа алдалтын тэргүүлэх шалтгаан болдог. Мөн чихрийн шижинтэй хүмүүс зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл 2-3 дахин өндөр байдаг бөгөөд зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралтын 30-50 хувь нь чихрийн шижинтэй холбоотой. Чихрийн шижинтэй хүмүүст бөөрний архаг дутагдалд орох эрсдэл 10 дахин нэмэгддэг. Чихрийн шижин ба артерийн гипертензи нь бөөрний архаг дутагдлын шалтгааны 80 хувийг эзэлж байна. Чихрийн шижингийн улмаас дэлхийн улс орнуудын хаа нэгтээ 30 секунд тутамд хөл тайрагддаг. Чихрийн шижингийн шалтгаант нийт нас баралтын 70-80 хувь нь хөгжиж буй орнуудад ноогдож байна. Дэлхийн эрүүл мэндийн нийт зардлын 10 хувийг (2019 оны байдлаар 760 тэрбум ам.доллор) чихрийн шижингийн оношлогоо эмчилгээнд зарцуулдаг гэсэн тоо баримт байдаг. Тиймээс хүмүүс шалтгаангүй огцом турах, их уух, их шээх, ам цангах, ядрах, бүх биеэр идээт шарх гарах зэрэг шинж тэмдэг илэрч удаан үргэлжилвэл эмчид яаралтай хандах ёстой. Ард иргэд эмнэлзүйн зовиур байсан ч үл тоох нь чихрийн шижин өвчинг хүндрүүлж байна.
-Ямар шалтгааны үүднээс чихрийн шижин өвчин нэмэгдэж, хүндэрч байгаа вэ?
- Амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал, биеийн жингийн илүүдэл, буруу хооллолтоос болж ихэнхдээ үүсч байна. Нэг үгээр бол хэвлийгээр таргалах тусам чихрийн шижин хэв шинж 2 өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг.
Чихрийн шижин өвчинг хэв маяг онцлогийнх нь хувьд дөрөв ангилдаг. Чихрийн шижин хэв шинж нэг, Чихрийн шижин хэв шинж хоёр, Жирэмсний чихрийн шижин, бусад гэж ангилна. Жирэмсний чихрийн шижинтэй хүмүүс глюкозын хяналт муу байвал ураг амьгүй төрөх эрсдэл үүснэ.
Нойр булчирхайн бета эсийн үйл ажиллагаа алдагдаж инсулин дутагдсанаар цусны глюкоз ихсэх эмгэгийг чихрийн шижин хэв шинж нэг гэнэ. Чихрийн шижин хэв шинж нэг нь харьцангуй залуу хүүхдүүдэд тохиолддог эмгэг юм.
Чихрийн шижин хэв шинж хоёр үүсэх түгээмэл шалтгаан нь амьдралын буруу хэв маяг болох хөдөлгөөний хомсдол, биеийн жингийн илүүдэл, таргалалт буруу хооллолтоос үүсдэг. Тэгэхээр Ази эмэгтэйчүүдийн хэвлийг тойрог нь 80 см, эрчүүдийнх 90 см-с илүү байвал чихрийн жишингийн эрсдэлд тооцдог.
-Та хооллолтын тухай ярилаа. Чихрийн шижин энэ өвчний үед хоолны дэглэм барих нь хүндрэлийг бууруулаад зогсохгүй, эмчилгээ болно гэсэн үг үү?
-Зөв хооллох нь амьдралын зөв хэв маягийн нэг чухал хэсэг юм. Мөн эрт үеийн чихрийн шижин хэв шинж хоёрыг дасгал хөдөлгөөнөөр эмчилж болно.
-Зөв хооллолтын тухай хүн бүр л ярьдаг. Таныхаар зөв хооллолт гэж юу вэ?
- Хооллолтын олон төрлийн судалгаа байдаг.Тухайн ураг хэвлийд байх үеэс өсч том болтлоо юу идэж уусан бэ гэдгээ сайн мэдэх ёстой. Монгол хүний хувьд махаа идэхгүй байх, гурил, цагаан идээгээ шууд хорино гэдэг бол тийм ч тохиромжтой биш. Тиймээс хамгийн энгийн зөв хооллолт бол ходоодны 3/2-г дүүргэж хооллох ба хүнсний ногоо голдуу хэрэглэх, өглөөний цай тогтмол уух нь чухал юм.
-Ингэхэд та ямар спортоор хичээллэж өөрийн амьдралын хэв маягаа зөв байлгадаг вэ? Өдөр тутамдаа хийдэг дасгал хөдөлгөөнийхөө талаар ярьж болох уу?
- Би эмч болсныхоо дараагаар амьдралын зөв хэмнэлтэй байх нь чухал гэдгийг ойлгосон. 2015 оноос эхлэн фитнес, 2017 оноос Латин бүжгийн урлаг, 2019 оноос UB Hiking club-д алхаж эхлэн тууштай хичээллэж байна. Хүнийг амьдралын зөв хэмнэлтэй бол гэж зөвлөдөг хүний хувьд би өөрөө ч бас зөв байх ёстой. Миний хувьд дасгал хөдөлгөөн бол сонирхол, эрч хүчтэй болгодог зүйл юм. Тийм болохоор Монголд байдаг фитнессүүдийн дунд зохион байгуулагддаг хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцсон. Энэ бүхэнд, эрүүл амьдрахад тухайн хүний ажлын ачаалал, хувийн амьдрал, хооллолт гээд их олон бэрхшээл байдгийг ойлгосон боловч би өөрийгөө болон бусад хүмүүсийн эрүүл амьдралын хэв маягаар амьдраасай гэж үргэлж хүсдэг.
-Заа маш их баярлалаа. Бамбай булчирхай өвдвөл бусад дотоод шүүрлийн эрхтнүүддээ давхар нөлөөлж өвчлүүлэх үү? Ер нь дотоод шүүрлийн эрхтнүүд нэг нь өвдвөл нөгөөгөө давхар өвтгөдөг үү?
- Байдаг. Чихрийн шижингийн хүндрэл бүх эрхтэнд нөлөөлнө. Өнчин тархины үйл ажиллагаа алдагдах нь бөөрний дээд булчирхай болон бамбай булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлөх зэргээр эргэх холбооны зарчмаар зохицуулагддаг.
-Та бамбай булчирхайн тухай ярьж өгч болох уу?
-Бамбайн булчирхайн дутагдал, хордлого, зангилааны өөрчлөлт, хавдар гэх мэтийг дурдаж болно. Бамбай булчирхай өвчлөх олон шалтгаан байдаг. Оношлохын тулд бамбайн эхо болон бамбайн дааврын шинжилгээ хийнэ. Бамбайн эмгэгүүдийг ялган оношлох зорилгоор бамбайн зангилаанд хатгалт хийж эсийн түвшинд үзэх мөн хэмжээгээрээ томорсон тохиолдолд бамбайн мэс засал эмчилгээ хийгдэх ба цаашид дотоод шүүрлийн эмчид хянуулна.
- Бамбайн дутагдал гэж юу вэ?
- Бамбайн үйл ажиллагаа буурахыг бамбайн дутагдал гэнэ. Бамбайн үйл ажиллагаа буурахад жин нэмэгдэх, ой санамж муудах, өтгөн хатах зэрэг шинж илэрдэг. Бамбайн дутагдал ихэвчлэн бамбайг мэс заслаар авах, иод 131 эмчилгээ хийгдсэний дараа бамбайн дутагдалд орох эрсдэлтэй. Иймээс бамбайн дутагдлыг нөхөх эмийг уудаг.
- Бага насны хүүхдүүд ч бас бамбайн дутагдалд ордог юм билээ?
Хүүхдүүд ч гэсэн бамбайн дутагдалд орж болно. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өсөлт бойжилтыг хянах, хөдөлгөөн удаашрах, хүүхэд юм ойлгох нь удаашрах зэрэг шинж тэмдэг илэрвэл хүүхдийн дотоод шүүрлийн эмчид хандах хэрэгтэй. Бага насны хүүхдүүдэд иодын дутагдал тохиолдох нь элбэг.
-Нойр булчирхайн архаг үрэвсэл ихэвчлэн ямар шалтгаантай үүсдэг вэ?
- Монголчуудын хувьд өөх тос ихтэй махан хоолыг архи, согтууруулах ундаатай хэтрүүлэн хэрэглэх нь нойр булчирхайн үрэвсэл үүсэх үндсэн шалтгаан болдог. Харин хоол боловсруулах эрхтэн тогтолцооны архаг эмгэгүүд, \Жишээ нь цөс чулуужих эмгэг, ходоодны шарх зэрэг нь нойр булчирхай\ өвдөхөд нөлөөлдөг.
-Заа баярлалаа, бидний ярилцлага энд хүрээд өндөрлөх гэж байна. Бид дотоод шүүрлийн эрхтэн, булчирхайнуудын эмгэг, эрсдэл, эмчлэх аргуудын талаар ярилцлаа. Дотоод шүүрлийн булчирхайнуудыг өвдүүлэхгүй байх арга зам , урьдчилан сэргийлэх зөвлөгөөг манай уншигчдад хэлж өгөөч?
- “Амьдралын зөв хэв маяг болох зөв унтаж амрах, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь биеийн жингийн илүүдлээс сэргийлж бодисын солилцооны эмгэгүүдээр өвдөх эрсдэлийг багасгана. Хэрэв дээр дурдсан шинж тэмдгүүд илэрвэл цаг алдалгүй нарийн мэргэжлийн эмчид хандаарай” гэж зөвлөе. Мөн би үүнийг уншиж буй уншигчдадаа нэгэн зарыг хэлмээр байна.
Дэлхий нийтээрээ чихрийн шижингийн тархалт жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой жил бүрийн арвандүгээр сарын 14-нд “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр” тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү ажлын хүрээнд Монголын диабетын холбоо, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, АШУҮИС-н дотоод шүүрэл судлалын тэнхим хамтран Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль дээр 2022.11.13-нд 09:00-17:00 хүртэл үнэ төлбөргүй чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, чихрийн шижингийн хүндрэл илрүүлэх үзлэг, мэдлэг мэдээллээр хангах өдөрлөг болох тул та бүхэн өргөнөөр оролцохыг уриалж байна. Баярлалаа