"Дугаарын ченж хийдэг нэр бүхий иргэд дураараа бүртгэлгүй дугаар зарах нь багадаад, фэйсбүүк орчинд залилан хийдэг болсон байна" гэх мэдээллийн дагуу ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагааг явуулжээ.
Шалгалтаар иргэн “А”, “М” нар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төвийн гадна талд бүртгэлгүй дугаар зарж байсан нь тогтоогдсон байна.
Тус иргэдийн тээврийн хэрэгсэл болон биед үзлэг хийхэд эзэмшигчийн бүртгэл тодорхойгүй нийт 140 ширхэг үүрэн холбооны дугаар биедээ авч явсныг хурааж авчээ.
Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.
Эзэмшигч нь тодорхойгүй эдгээр дугааруудыг нэр бүхий үүрэн холбооны оператор компанийн ажилтан Н шинээр үүсгэж, тус хоёр этгээдэд худалдан борлуулдаг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилан байдлаар тогтоогджээ.
Иргэд аливаа үүрэн холбооны операторын дугаарыг авч хэрэглэхдээ тухайн байгууллагын албан ёсны баталгаат газруудаас худалдагдаж буй дугаарыг өөрийн нэр дээр бүртгүүлэн худалдан авч, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.
Эх сурвалж: ЦЕГ