“Эрдэнэс Монгол” компанийн мэдээлснээр БНХАУ өнгөрсөн 9 дүгээр сард 6.8 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Үүний 3.21 сая тонн буюу 47 хувийг Монгол Улс, 2.45 сая тонн буюу 36 хувийг ОХУ-аас экспортолсон нүүрс эзэлж байна.
Манай улсын ашигт малтмалын экспортын статистик мэдээллээр энэ оны эхний 8 сард уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч томоохон 10 ААН 5.5 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ. Гэхдээ Монголбанк дахь банкуудын гадаад гүйлгээний тайлан мэдээгээр 2.9 тэрбум ам.долларын орлого тухайн компаниудын манай улс дахь дансанд орж, 2.6 тэрбум ам.долларын зөрүү үүссэн мэдээтэй байна.
Бодит орлого бага байгаагийн шалтгааныг салбарын мэргэжилтнүүд зарим ашигт малтмалын борлуулалтын орлогыг өнгөрсөн онуудад урьдчилан авсан, мөн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон хөрс хуулалтын ажлын төлбөрийг мөнгөөр бус ашигт малтмалаар барагдуулсантай холбон тайлбарлаж байна.
Экспортын биет хэмжээ нэмэгдэж буй хэдий манай улсад орж ирэх бодит валютын орлого буурч байна. Үүнд мөн импорт өсөж байгаа нь голлон нөлөөлжээ.
Түүнчлэн гадаадын худалдааны жишиг үнээр тооцон гаалийн бүрдүүлэлт хийсэн үнийн зөрүүнээс, мөн нүүрсийг зах зээлийн бодит үнээс доогуур борлуулсан зэрэгтэй холбоотой хэмээн үзэж байна.
Тиймээс Засгийн газраас тогтоол гарган богино, дунд хугацаанд экспортоос орох бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд дахь хүчин төгөлдөр гэрээ, хэлцлийн хүрээнд оновчтой зохион байгуулах замаар гадаад валютын орлого, урсгал, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд төлөвлөгөөтэй үүрэг даалгавар өгөөд байна. Мөн ашигт малтмалын борлуулалтыг ил тод болгож, эрдэс баялгийг олон улсын үнээр худалдах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.
Уул уурхайн салбарт ашигт малтмал олборлохоос боловсруулж тээвэрлэн, хадгалах, борлуулах хүртэл бүх үе шатанд цахим систем нэвтрүүлж, холбогдох бүх гэрээг татварын нэгдсэн сүлжээнд оруулах юм. Тодруулбал, олборлолтоос боловсруулах бүх үе шатанд төлбөрийн баримтыг зөвхөн цахимаар бүртгэж, ашигт малтмалын шинжилгээний дүгнэлт гарган, гаалийн бүрдүүлэлтийг автоматаар гүйцэтгэх тогтолцоог нэвтрүүлнэ. Ингэснээр богино, дунд хугацаанд валютын улсын нөөцийг бодитоор нэмэгдүүлнэ гэж тооцжээ.
Улмаар цаашид ашигт малтмалыг нээлттэй, дуудлага худалдаагаар борлуулах Уул уурхайн биржийн тогтолцоог 2023 оны эхний улиралд багтаан нэвтрүүлэх юм. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хийж буй хөрс хуулалт, олборлолт, тээврийн бүх үйл ажиллагааны төлбөрийг төгрөгөөр хийж, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн дэвсгэртээр гүйцэтгэх хуулийн хэрэгжилтийг хангуулах юм.