Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.
Тэгвэл өнөөдөр тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж, хэлэлцүүлэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд тус хуулийн төслийг дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцуулан, илтгэл хэлэлцүүллээ.
Харин Нийслэл Улаанбаатар хотыг 14 хот, 42 хороотойгоор шинэчлэн зохион байгуулж 214 Засаг даргатай байсныг дөрөв дахин цөөрүүлэхээр тусгасан байна.
Ингэснээр чиг үүргийн төвлөрөл буурч хотын оршин суугч амьдарч байгаа газраасаа 20 минутын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний болон бусад үйлчилгээг авч байхаар 20 минутын хот стандарт төлөвлөлтийн концепцыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлд, Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэж заасан байгаа. Өргөн барьсан хуульийн төсөлд 14 хот байгуулахаар тусгажээ. Энэ Үндсэн хуультай зөрчилдөхгүй юу хэмээн асуусан. Тэрбээр нийслэлтэй холбоотой асуудал Нийслэлийн эрх зүйн байдлын хуулиар, хот тосгоны асуудал Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдах учиртай. Гэтэл нийслэл, хот хоёроо хольчхоод байна гэж харж байна гэлээ.
Мөн аймгуудын төвүүдийг хот болгож байгаа юм байна. Ингэхдээ аймгийн төвүүдийг зэргэлдээ байгаа сумдуудтай нь нэгтгэн хотоо байгуулж эдэлбэр газрынхаа хэмжээг томруулах ёстой юм. Аймгууд яагаад хөгжихгүй, Эрдэнэт, Дархан чинь яагаад хөгжихгүй байгаа юм гэвэл эдэлбэр газаргүйд байгаа юм. Эдэлбэр газартай холбоотой асуудлуудыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ хэмээн тодруулсан. Бүтэц зохион байгуулалтын хувьд хотууд нь улсын зэрэглэлтэй хот, тэр нь хороонд хуваагдах юм байна.
Улсын зэрэглэлтэй хороодын дунд нэгж байхгүй болох нь. Тэгэхээр Шарын гол, Орхон аймгийн Улаантолгой, Жаргалан сумыг хэрхэх вэ. Бүгд хороо болох уу" гэж лавлав. Түүнчлэн эрх шилжүүлэх асуудал, хуулийн хэрэгжих хугацааны талаар тодруулсан.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Бид дүүргийн засаг захиргааны нэгжийн чиг үүргийг тус дүүрэг дээр байгуулагдсан хотуудад шилжүүлье гэж байгаа юм. Засаг захиргааны нэгж буюу дүүргүүдийн хэрэгжүүлж байгаа чиг үүргийг шинээр дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр байгуулагдах хотуудад шилжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах асуудал дээр Үндсэн хуулийн зөрчил байхгүй.
Өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдэд дүүргүүдийг татан буулгах, өөрчлөх асуудал огт хөндөгдөхгүй. Төвийн зургаан дүүрэг хэвээрээ байна. Дээрх дүүргүүд 14 хоттой болж байгаа. 14 хотод зургаан дүүргийн чиг үүргийг эдэлбэр газрынх нь хэмжээгээр шилжүүлж, хот нийтийн аж ахуйн асуудлуудаа хариуцаад явах юм. Хөдөө орон нутгийн хувьд онцлогтой. Аймгийн төвүүдийн сумдыг, төвлөрөл бүхий суурин газруудыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгох, заримыг нь тосгон болгож хөгжүүлэх бүрэн бололцоотой гэж харж байгаа. Аймгийн төвийн сумыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгож хөгжүүлж байгаа бол яг тэр сумын газар нутгийн хэмжээгээр нь эдэлбэр газрыг тогтооё гэж байгаа. Ер нь эдэлбэр газрын заагийг тогтоох асуудлыг нарийвчлах асуудлыг хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөх УИХ-ын тогтоолын төслийг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн.
Дархан-Уул аймаг Дархан сум, Шарын гол, Хонгор гэдэг гурван сумаа хамарсан байдлаар Дархан хот болж хувирна. Эдэлбэр газрын хэмжээгээрээ Дархан хот улсын зэрэглэлтэй хот болно. Улсын зэрэглэлтэй хот нь орон нутгийн зэрэглэлтэй хоттой байж болно гэж үзэж байгаа. Ингэхээр Шарын голыг дагуул хот, суурин газруудыг тосгон хэлбэрээр, эсвэл хотын хороо гэдэг байдлаар хөгжүүлэх боломжтой гэж харсан. Дархан-Уул аймаг тэр чигтээ Дархан хот болбол Шарын гол гэдэг дагуул хот нь хамтдаа төсвийн хязгаараа батлуулна гэсэн үг.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2025 оны 06 дугаар сарын 1-нээс, УИХ-ын тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж тооцсон" хэмээн хариуллаа Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.