fitness
  • 107 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-10

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонг шинээр нээж буй Ezasag.mn сайтынхаа "Энхбатын булан"-гийн анхны зочноор урилаа. Тэрбээр эрдэм шинжилгээний ажилтан, уурхайн дарга, Уул уул, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Монголын уул уурхайн салбарын технократуудын нэг билээ. Г.Ёндон "Эрдэнэт үйлдвэр"-ийг үнэ цэнтэй, хуулийн дагуу шударга, хулгай луйваргүй, ил тод, нээлттэй ажилладаг компани болгон хөгжүүлэхээр зорьжээ.

-Та Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байх үедээ Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг санаачлан батлуулсан. Тухайн үед буюу яг гурван жилийн өмнө тантай энэ талаар ярилцлага хийж байлаа. Одоо Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэрэгжүүлээд нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалдаг болсон. Хэд хоногийн өмнө зэсийн баяжмалыг биржээр анх удаа арилжих цанг цохилоо. Санаачилсан ажил бодит үр дүнгээ өгөөд сэтгэгдэл өндөр байна уу?

-2020 оны долдугаар сарын 7-нд улс төрийн ямар ч туршлагагүй хүн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон. Засгийн газрын анхны хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сайд бүр улс орны эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд хэрэгтэй ядаж нэг нэг зүйлийг хийх ёстой” гэж хэлж байсан. Тэр үеэс л юу хийж болох вэ гэсэн бодол ээрсэн.

Сайд байхдаа хийж амжуулсан зүйлс бас бий бий. Гэхдээ Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг боловсруулж, батлуулсан нь их чухал ажил болсон гэж боддог. Нэг зөв, хэрэгтэй хууль батлагдахад улс орны эдийн засаг, иргэдийн амьжиргаанд ямар дорвитой хувь нэмэр оруулж болдгийг биржийн хууль харуулсан. 2023 оны зургадугаар сард, сүүлийн жилүүдэд анх удаа, төсвийг нэмэх тодотгол хийж, орлогын төсөөллийг нэмж байсан. 2023 оны жилийн эцсийн үр дүн ч мөн санхүү эдийн засгийн сайн үзүүлэлт, эерэг нөлөөг авч ирсэн. Үүнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө их байсан гэж боддог. 

Үүнээс гадна Монголын хөрөнгийн биржээр уул уурхайн бүтээгдэхүүнийг нээлттэй арилжаалах болсноор Монголын хөрөнгийн бирж хэмээх нээлттэй хувьцаат компанийн үнэлэмж, үнэ цэнэ, хувьцааны ханш хэд дахин өссөн, нүүрс, төмөр, зэс авахаар арилжаанд оролцож байгаа гадаадын компаниуд дэнчингийн мөнгөө Монголын арилжааны банкуудад байршуулах болсон нь валютын ханшт эерэг нөлөө үзүүлсэн гэх мэт маш олон шууд бус өгөөжийг дурдаж болно.

2020 оны намар анх хуулийн үзэл баримтлалыг нүүрс дээр жишээ авч, уурхайн амны үнэ болон Ганцмодны үнийн зөрүүн дээр тооцоо хийн танилцуулж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар “Наадахаа юм болгоно шүү, бүх талаар дэмжинэ” гэж итгэл үнэмшил, урам зориг өгсөн. Засгийн газрын гишүүд, манай яамны удирдлага дотор хүртэл энэ хуулийн төсөл хол явахгүй гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс байсан. 2021 оны турш Засгийн газрын хуралдаанд хэд хэд танилцуулж хэлэлцүүлсний дараа оны төгсгөлд УИХ-д өргөн барих шийдвэр гарсан. 

Ингээд 2022 оны нэгдүгээр сард хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьсан. Цаашид уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх үү, эсвэл буцаах уу гэдгийг нь шийдэх Байнгын хорооны эхний хуралдаан, мөн УИХ-ын чуулганы эхний хуралдаан маш чухал байлаа.

Гишүүдээс ирсэн олон асуултад манай ажлын хэсэг сайн тооцоо, судалгаа, үндэслэлтэй хариулснаар хуулийн төслийг дэмжиж, дараагийн болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг томилуулах хүсэлтээ Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар гишүүнд тавьсан. Хуулийн төслийг маань намрын чуулганаар амжилттай хэлэлцэж баталсан. 

Энэ хуулийн төсөл батлагдахад тухайн үед зөвлөхөөр минь ажиллаж байсан Р.Очбадрахаар ахлуулсан ажлын хэсэг, Эдийн засгийн байнгын хороон дээр анхнаас нь маш сайн дэмжиж, нарийн ширийн асуудал дээр зааж зөвлөж байсан, хожим сайдын ажлаа хүлээлгэн өгсөн Ж.Ганбаатар гишүүн, зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн утга санаа, анхны хувилбартай маш аятайхан зохилдуулахад олон өдөр хамт ажиллаж цаг заваа зориулсан Ж.Бат-Эрдэнэ гишүүн, эцэслэн батлагдахад нь идэвх зүтгэл гаргасан дэд сайд О.Батнайрамдал нартаа энэ боломжийг ашиглан талархаж явдагаа хэлмээр байна.

-Тантай тэр үед ярилцлага хийж байхад нүүрсийг биржээр арилжсанаар дундын трейдерүүд байхгүй болж, амны үнэ өндөр дүнгээр өсөн, бодит орлого нэмэгдэнэ гэж төсөөлж байсан. Одоогоор нүүрсний бодит орлого үлэмж хэмжээгээр нэмэгдээд байгаа. Нүүрсний хулгайтай тэмцсэн нь ч үүнд нөлөөлсөн байх.

-Биржийн хуультай болохоор 10 гаруй жилийн өмнөөс ярьж эхэлсэн. 2013 оны анхны бүрэн хэмжээний судалгааг Д.Галсандорж гуай хийж байсан. Манай ажлын хэсэгт бас орж ажилласан хүн л дээ. Тухайн үед Монголд таваарын бирж байгуулах дэд бүтэц, орчин бүрдээгүй гэсэн агуулгатай дүгнэлт гарсан байдаг. Таваарын бирж байгуулах санаачилга нэгдүгээрт, улс төрийн босго, эсрэг лоббигоо давж гарч чаддаггүй байсан болов уу гэж боддог. Хоёрдугаарт, үнэхээр дэд бүтэц байгаагүй. Таваарын биржүүд далайн боомт, төмөр зам ч гэдэг юм уу ложистикийн том сүлжээтэй байдаг. 

Тэгэхээр үндсэн, гол зах зээл болсон урд хөршийнхөө хил дагуу дэд бүтэцтэй болох ажлыг хуулийн төслөөсөө түрүүлээд явуулж эхэлсэн. 2020 оны арванхоёрдугаар сард Шивээхүрэнд чингэлэг тээврийн терминал байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг гаргуулж байсан. “Монголын нүүрс ассоциаци” болон “МАК” ХХК энэ ажлын эхлэлд нь байж, их идэвх санаачилга гаргасныг хэлэх нь зүйтэй. 

“Чингэлэг тээврийн терминал ямар хэрэгтэй юм бэ, хятад чингэлгийн лоббид орлоо” гэж эсэргүүцэх хүмүүс гарч л байсан. Бид чингэлэг тээврийн терминал нүүрсний экспортыг огцом нэмэгдүүлэх, жолооч нарын асуудлыг эерэгээр шийдэх боломжтойгоос гадна таваарын биржийн маш чухал дэд бүтэц нь болно гэдгийг мэдэж байсан л даа. 

Тооцоо судалгаа хийж үзэхэд нүүрсээс олох орлого, ашиг их хэмжээгээр өсөх нь тодорхой байсан. Тэр үед бас нүүрс тээврийн төлбөрөөр их хэмжээний мөнгө гадагш гаргадаг байлаа. Чингэлгээр терминал руу нүүрс тээвэрлэхэд энэ их мөнгө дотоодод үлдэх боломж, тооцоо гарсан. Сангийн яам ч ийм тооцоо хийсэн байсан. “Чалко”-гийн гэрээ нүүрсний амны үнийг тодорхойлогч, чиглүүлэгч болдог байсан үе шүү дээ. “Чалко”-гийн гэрээнээс жаахан илүү үнэтэй хийвэл сайн гэрээ боллоо гэсэн ойлголтыг “түлхдэг” байсан. Тэр нь ердөө 2-5 ам.доллароор л илүү үнэтэй гэрээ байх жишээтэй. 

Гэтэл БНХАУ-ын Ганцмод боомт, “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн амны үнэ хооронд 2-3 дахин зөрүүтэй байсан. Бид Тавантолгойн ордоос Ганцмод хүртэл нэг тонн нүүрсийг 20 ам.доллароор тээвэрлэх боломжтой гэж тооцсон. Дээрээс нь Монгол, Хятадын хил дээр төлдөг бүх хураамжийг нэмээд ч цаана нь маш их зөрүү гарч байсан юм. Ганцмодод нүүрсний үнэ 100 ам.доллароор өсөж байхад “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн амны үнэ 10 “ногоон”-оор өсөж байх жишээтэй. Энэ нь гадаад зах зээлд нүүрсний үнэ өсөхөд Монгол Улс дорвитой ашиг хүртэхгүй байгааг харуулсан. 

Төмрийн хүдрийг биржээр арилжсанаар үр ашиг нь нэмэгдэх ч тодорхой байсан. “Монголросцветмет” сайн гэрээ хийдэг байсан бол “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн гэрээнүүд маш алдагдалтай байсан. Тиймээс зах зээлийн бодит үнэ рүү ойртуулах боломж байсан юм. 

Харин зэсийн баяжмал дээр төдийлэн ашиг харагдаагүй. Эдгээр тооцоо одоо ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд байгаа. “Эрдэнэт үйлдвэр” Лондонгийн металлын биржийн үнэтэй уяж, гэрээний үнээ тогтоодог байсан. Хайлуулах, цэвэршүүлэх зардал, металлын хасалт болон тээвэрлэлтийн гэх мэт зардлаа хасаад үнэ тогтдог, ойлгомжтой томьёотой байсан.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд АМНАТ-ийг Монголд биржээр зарагдсан үнээс нь тооцож авна гэж тусгасан юм. Хэрэв зэсийн баяжмал Монголын биржид Лондонгоос бага үнээр зарагдвал АМНАТ-ийн зөрүүнээс улсын төсөвт эрсдэл үүснэ гэсэн болгоомжлол Сангийн яамныханд байлаа. Тиймээс хуулиараа ямар ашигт малтмалыг хэзээ биржээр арилжаалахыг түрүүлж тогтоолгүй, Засгийн газрын бүрэн эрх мэдэлд нээлттэй үлдээсэн юм. 

Харин 2024 оны Засгийн газрын 73 дугаар тогтоол гарч, зэсийн баяжмалыг биржээр арилжих зохицуулалт тусгасан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд зэсийн баяжмалын биржийн анхны арилжааг Монголын хөрөнгийн бирж амжилттай хийлээ. 

Улс орны төсөв, санхүүд ногдох эдийн засгийн үр ашиг нэмэгдсэн нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсны нэг сайн тал гэж харж байна. Нөгөө тал нь уг хуулийн амин сүнс, үзэл баримтлал, хамгийн гол давуу тал нь ил тод, нээлттэй байдал юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ бирж дээр ил тод, нээлттэй тогтож байгаа учраас тэр. 

Биржээр арилжиж эхэлсэн учраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ёндон гэдэг хүн шийдвэрлэж, хэн нэгэнтэй зэсийн баяжмал борлуулах гэрээ хийхгүй болсон гэсэн үг. Гэрээний үнийг зах зээл л тогтооно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр газрын хэвлийн баялаг төрийн нийтийн өмч болсон. Тэгэхээр 3.5 сая иргэний өмчийг аль нэг захирал хэн нэг хүнтэй үнэ тохирч, зах зээлээс хямд үнээр зараад байвал иргэд дургүйцэх ёстой биз дээ. 

Биржээр бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох нь төрийн өмчит компанийн засаглалын хувьд ч маш олон эерэг, сайн нөлөөтэй. Нүүрс, төмөр, зэсийг биржээр нээлттэй, ил тод арилжаалж эхэлсэн нь иргэн бүр “баялагтаа эзэн Монгол” болж буйн нэг жишээ.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн баяжмалыг хямд худалдаж авахын тулд трейдер компаниуд манай нөлөө бүхий улстөрчдийн дэмжлэгийг авдаг, тэдэнд авлига өгдөг гэж хардсан явган яриа гардаг. Ийм яриа ч зогсож, “Эрдэнэт үйлдвэр” хойшид трейдер компанитай шууд гэрээ байгуулахгүй нь гэж ойлголоо. Зөв үү?

-Тэгж ойлгож болно. Улстөрчид нөлөөлөх гэдгийг бол хэлж мэдэхгүй байна. Одоогоор тийм зүйлтэй хараахан тулгараагүй. Цаашид бол үгүй болох үндэс суурь нь ингээд тавигдчихлаа шүү дээ. Трейдер компаниуд цаашид ил тод, нээлттэй тогтсон үнээр биржээр дамжуулан гэрээ хийхийг бол үгүйсгэхгүй. Тэд арилжаанд оролцох нь нээлттэй. 

Гэхдээ трейдер компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд эерэг оролцоотой байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Эрдэнэтийн жишээнээс харахад трейдер компани худалдагч, худалдан авагч хоёрын дунд зөөлөвч, тохируулагч болж, олон эрсдэлээс хамгаалдаг байсан юм билээ. Манай үйлдвэр шаардлагатай тохиолдолд трейдерүүдээс богино хугацаанд, сайн нөхцөлтэй санхүүжилт авч, баяжмалаараа төлдөг схемтэй байсан. Энэ нь ч манай үйлдвэрт ашигтай хамтын ажиллагаа байсан. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн трейдерүүдтэй хийсэн гэрээнүүдийг би сайн гэж дүгнэнэ. Тэнд нөгөө амны үнэ гэдэг ч юм уу, ойлголт байдаггүй. Ажил авсны дараа шалгаж үзэхэд бүтээгдэхүүнээ зах зээлээс хямд үнээр борлуулж байгаа гэрээ нэг ч байгаагүй. Бүх компанитай хийсэн гэрээнүүд яг ижил нөхцөлтэй байсан. 

Зэсийн баяжмал онцлогтой бүтээгдэхүүн л дээ. Ийм ийм элементийн агууламж нь тэдэн хувиас дээш байх ёстой, харин нөгөө хэсгийнх нь төдөөс доош байх шаардлагатай гэж заасан байдаг. Өмнө нь дэлхий дээр зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан хоёр тохиолдол байсан. Хоёулаа эдгээр шаардлагын нийцлээс болоод амжилтгүй болсон түүхтэй. Тиймээс бүтээгдэхүүнээ биржээр зарахад бид ашигт болон хорт элементүүдийн агууламж, найрлагад нь онцгой анхаарч, баяжуулалтын процессоо маш нарийн тохируулах шаардлагатай болно. 

За тэгээд “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой элдэв хардлага их байдаг даа. Зарим нь үлгэр домог шиг, итгэж үнэмших боломжгүй зүйлс ч явж л байдаг. Харин нэг улстөрч өнгөрсөн жил “Эрдэнэт үйлдвэр”-т гурван төрлийн хулгай байна гэж хэлсэн. Түүний нэгийг экспортын гэрээний хулгай гэж онцолсон. Тэр үгийг сонссоноос хойш Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг боловсруулсан хүний хувьд, ийм хардлагад байнга өртөх алба хашиж байгаагийн хувьд ч зэсийн баяжмалыг биржээр арилжих нь зүйтэй юм байна гэсэн бат итгэлтэй болсон. 

Тэгээд Ерөнхий сайдад зэсийн баяжмалыг эхлээд туршилтын журмаар арилжих саналаа хэлж, түүний өгсөн чиглэл, дэмжлэгтэйгээр Засгийн газрын тэмдэглэл, тогтоолууд гарсан. Гурван төрлийн хулгай байна гэсэн улстөрч маань экспортын гэрээнээс гадна Эрдэнэтэд овоолгын хулгай, тендерийн хулгай байгаа гэсэн. Тэгэхээр энэ гурван хулгай үнэхээр байгаа бол байхгүй болгоно доо.

-Трейдер компаниудтай байгуулсан борлуулалтын гэрээ хэдий хүртэл үргэлжлэх вэ. Баяжмалаа биржээр арилждаг боллоо гээд байгуулсан гэрээнүүдээ цуцлахгүй биз дээ.

-2026 оныг дуустал байгуулсан гэрээнүүд бий. Одоогоор долоон трейдер компани манайхтай урт хугацааны гэрээтэй ажиллаж байгаа. 30 жил хамтарч ажилласан компани ч байдаг юм билээ. Хамгийн бага нь зургаан жил хамтарч ажиллаж байгаа компани бий. 

Би ажил авснаасаа хойш нэг ч трейдер компанитай зэсийн баяжмал борлуулах шинэ гэрээ хийгээгүй. Одоо байгаа нь шалгарч үлдэн хамтран ажиллаж буй компаниудтай байгуулсан урт хугацааны гэрээ байдаг. Гэрээний хугацаа дууссаны дараа дээр дурдсанчлан трейдер компанитай дахиж шууд гэрээ байгуулахгүй. Баяжмалаа биржээр арилжина.

-“Ачит ихт” компанитай холбоотойгоор “Овоолгын хулгай” гэсэн сэдэв энэ цаг үед олны анхаарлын төвд орлоо. Засгийн газар “Ачит ихт” компанийн 34 хувийн хувьцааг “Эрдэнэт үйлдвэр”-т авах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой ямар үйл явдал өрнөж байна вэ?

-Мөнөөх улстөрч “Овоолгын хулгай бий” гэж хэлэхдээ “Ачит ихт”-ийг жишээ болгон татсан. Би Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байх үедээ овоолго ашиглаж буй компаниудын хувьцааны 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр”-т үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдсоноос хойш “Эрдмин”, “Ачит ихт”, “Зэс эрдэнийн хувь”-ийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” үнэ төлбөргүй эзэмших ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус хүдэр буюу овоолгыг ашигласан хоёр жишээ бий. Тэгэхээр бид харьцуулах юмтай гэсэн үг. “Эрдмин”, “Ачит ихт” хоёрыг харьцуулж үзье. Нэгдүгээрт, “Эрдмин” компани бүх овоолго буюу хүдрээ манайхаас худалдаж авсан байдаг. 2011 оноос хойш тэднийд дахиж балансын бус хүдэр өгөөгүй. Хоёрдугаарт, “Ачит ихт”-ээс дөрөв дахин бага хүчин чадалтай боловч 32.8 сая ам.долларын ногдол ашгийг Эрдэнэтэд өгсөн. Энэ компанийн хувьцааны 25 хувийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмшдэг. “Ачит ихт”-ийн хувьцааг “Эрдэнэт үйлдвэр” эзэмшдэггүй. 

“Ачит ихт” овоолго ашигласны төлбөр гэж борлуулалтын орлогын хоёр хувийг манайд өгдөг. “Эрдмин”, “Ачит ихт” компани сүүлийн найман жил яг зэрэгцэж ажилласан. Энэ хугацаанд хоёр компанийн өгөөжийг харьцуулсан тооцоо хийж үзсэн. “Эрдмин” нэг тонн цэвэр зэс гаргаад “Эрдэнэт үйлдвэр”-т 712 ам.долларын өгөөж өгсөн байна лээ. Харин “Ачит ихт” нэг тонн цэвэр зэс гаргаад “Эрдэнэт үйлдвэр”-т 107 ам.долларын өгөөж өгч ирсэн. 

Засгийн газар “Ачит ихт” компанийн хувьцааны 34 хувийг цаашид өмчлөхөөс гадна өмнөх жилүүдийн ногдол ашгийг дүйцүүлэн нөхөж авах шийдвэр гаргасан. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр” тус компаниас ногдол ашиг нөхөж авах ажлыг зохион байгуулна. “Эрдмин” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хэд хоногийн өмнө хуралдсан. Уг компанид эзэмшдэг хувьцааны 25 хувийг 34 болгож өсгөх талаар “Эрдэнэт үйлдвэр” буюу ерөнхий захирлын байр суурийг танилцуулсан. Улмаар хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болоод байна.

“Эрдмин”, “Ачит ихт”, “Зэс Эрдэнийн хувь” компанийн хувьцааны 34 хувийг шилжүүлж аваад, өмнөх гэрээний заалтын дагуу ногдол ашгаа нөхөөд авчихвал овоолгын хулгай гэдэг хэлц үг мартагдах биз. 

Овоолго ашиглах үйл ажиллагаа нь эхэлж буй “Зэс эрдэнийн хувь” компанийн удирдлага болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа байх. Тэдний хувьцааны 34 хувийг ч “Эрдэнэт үйлдвэр” үнэ төлбөргүй эзэмших гэрээтэй байсан, сүүлд “Ачит ихт”-ийн гэрээ шиг 34 гэдэг тоо алга болсон байдаг. Өнгөрсөн сард батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаад гарч буй хуулиуд дотор үүнтэй холбоотой заалттай болсон байна билээ.

-Нэгэнт Засгийн газрын шийдвэр гарсан учраас “Эрдэнэт үйлдвэр”, “Ачит ихт” компани хэлэлцээрийн ширээнд суух байх. Аль нэг талаас хэлэлцээр хийх санаачилга гаргасан уу?

-“Ачит ихт” компанийн гол хувьцаа эзэмшигчид гадаадад байх шиг байна. Бид Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, бэлтгэл ажлаа хангаад явж байгаа. Мөн Засгийн газрын шийдвэр албажсан байдлаар хараахан ирээгүй байна.

-“Ачит ихт” компанийнхан “Эрдэнэт үйлдвэр”-т хувьцааныхаа 34 хувийг өгөх гэсэн. Харин “Эрдэнэт үйлдвэр” авахаас татгалзсан гэсэн тайлбар хийсэн. Ямар үйл явдал болсон юм бэ?

-Тухайн үед “Ачит ихт”-ээс тийм санал гаргасан нь үнэн. Тэр үед “Эрдэнэт үйлдвэр”-ээс техникийн хэсэг гаргаад ажиллуулсан байдаг. Техникийн хэсэгт ажилласан хүмүүс “Техник, эдийн засгийн үндэслэл нь эрсдэлтэй байна. “Эрдэнэт үйлдвэр” хувьцааных нь 34 хувийг авбал давхар өрөнд орж магадгүй нь” гэсэн дүгнэлт хийгээд татгалзсан юм билээ. 

Тэр хүмүүс яагаад тийм дүгнэлт гаргасныг мэдэхгүй. “Эрдмин” компани тухайн үед тогтвортой ажиллаад, өр ширээ дараад, 2006 оноос ногдол ашгаа хуваарилаад эхэлчихсэн байсан. Хэвийн үйл ажиллагаа явуулж байсан, харьцуулах бодитой жишээ байхад яагаад ийм шийдвэр гаргасан юм бол гэж боддог.

-Тендерийн хулгайг яаж цэгцлэх вэ. “Эрдэнэтийн шахаа” гэсэн албан бус хэллэг хүртэл гарсан байдаг шүү дээ.

-Би 2022 оны есдүгээр сард ерөнхий захирлаар томилогдсон. Цар тахлын үед “Эрдэнэт үйлдвэр”-тэй гэрээгээр ажил гүйцэтгэж байсан 19 компани бараа материал, агуулах, тээврийн зардлын үнэ өссөн гэсэн шалтгаанаар нийт 183 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохыг хүссэн байдаг. Тэдгээр компани өссөн зардлаа Барилгын хөгжлийн төвөөр магадлагаа хийлгэж баталгаажуулсан тул “Эрдэнэт үйлдвэр” нэхсэн мөнгийг нь хүлээн зөвшөөрч, зардлын тодотгол хийгээд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулаад, олгоход бэлэн болсон байсан. 

Мэдээж тараагаад өгөх шиг амархан юмгүй. Гэхдээ зарим ажлыг нь шалгаад үзэхэд үнийн өсөлт гарсан нь үндэслэл муутай, ижил төстэй ажилтай харьцуулахад хөөсөрсөн тоо ч харагдсан. Ингээд дотооддоо ярилцаад, олон улсын аудитын дөрвөн том комдани руу санал явуулж, KPMG компаниар 450 сая төгрөгөөр аудит хийлгэх гэрээ зурсан. 

Тухайн үед “тэмээн дээр ямааны гарз” гэгчээр 183 тэрбум дээр нэмээд 450 сая төгрөгийн зардал гаргалаа гэх мэтээр хэвлэлээр зөндөө шүүмжлүүлсэн. Танил тал хүмүүсээр яриулж, ятгуулж ч байсан. Бид харин аудит хийлгэсний хүчинд 105 тэрбум төгрөг хэмнэсэн байдаг. Компаниудад 78 тэрбум төгрөгийг л үнийн өсөлтөд өгсөн гэсэн үг. Бага мөнгөн дүнтэй гэрээтэй хоёр компани л шүүхэд хандаад байна. Манайх ялбал 105 тэрбум төгрөгийн хэмнэлт маань улам нэмэгдэнэ. Бусад компаниуд аудитын дүнг хүлээн зөвшөөрөөд ажлаа гүйцэтгэж дуусгасан. Тендерийн үнэ, бодит зардлыг хөөсрүүлдгийн тодорхой жишээ энэ л дээ. 

Цаашдаа тендерийн үнэлгээ, худалдан авалтын үйл ажиллагаанд хүний хүчин зүйл, субьектив нөлөөллийг багасгах чиглэлээр бүх л төрлийн арга хэмжээг авч байна. Манайх тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах туршилтын ажил эхлээд амжилттай яваа. Өнгөрсөн нэгдүгээр сард эхний шатны тайлангаа дүгнэсэн. Ирэх зургадугаар сард дараагийн шатны үйл явц, үр дүнгийн талаар олон нийтэд нээлттэй байдлаар тайлагнахаар төлөвлөж байна. 

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, “Эрдэнэс Монгол” нэгдэлтэйгээ хамтарч хийнэ. Тендерийг шударга явуулахын тулд хиймэл оюун ухаан ашиглаж эхэлсэн гэсэн үг. Хиймэл оюун ухаан хэн нэгэнтэй ярилцаж тохиролцохгүй. “Эрдэнэт үйлдвэр” тендер шалгаруулалт, худалдан авалтаа ил тод болгохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Үүн дээр хатуу зогсохоо харуулна. 

Манайх жилд 1000 орчим тендер зарлаж, 6000 орчим компани оролцдог. 1000 нь ялж, 5000 нь гомдолтой үлддэг байх. Тэгэхээр манай тендерт тогтмол оролцдог компаниудад сонирхолтой байх болов уу.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Эрдэнэт үйлдвэр бол тэжээлийн цэгт очих цаг нь болсон хөгшин үнээ” гэсэн хатуу үг хэлсэн. Үнэн хэрэгтээ “Эрдэнэт үйлдвэр”-т хэдэн жил үйл ажиллагаа явуулах ирээдүй байгаа вэ?

-“Эрдэнэт үйлдвэр” 2021 онд дөрөв дэх удаа нөөцөө нэмэгдүүлж батлуулсан. Хамгийн анх 1973 онд ТЭЗҮ хийгээд 32 жил ажиллана гээд 520 гаруй сая тонн хүдрийн нөөц баталсан байдаг. 1978 онд жилд дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан. Тэгвэл ирэх жил 40 сая тонн хүдэр боловсруулахаар төлөвлөөд байна. Анхныхаасаа 10 дахин их хүчин чадалтай болно гэсэн үг. 

Манайх 2021 онд ЖОРК стандартаар 2.9 тэрбум тонн геологийн нөөц батлуулсан. Одоогийн хүчин чадлаар бол энэ нөөцийг 60-70 жил ашиглахаар байна. Анх 32 жил ажиллана гэж төлөвлөсөн уурхай 45 жил ажиллачихлаа. Дараагийн 45 жил ажиллах нь ч тодорхой байна. Бид 2021 онд батлуулсан нөөц дээрээ Австралийн туршлагатай компаниар ТЭЗҮ хийлгэж байгаа. Би хувьдаа ТЭЗҮ-ээр дахиад 45 жил ажиллах нь тодорхой болох болов уу гэж бодож байна. 

Мэдээж зэсийн үнэ маш ихээр нөлөөлнө. Мөн манайх 2022 онд хайгуулын зургаан лиценз шинээр авсан. Эрдэнэтээс 10 орчим км зайтай Оюутын орд дээр 2023 оноос төлөвлөсний дагуу нарийвчилсан хайгуул хийж эхэллээ. Манайх ер нь жил бүр хайгуулын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж ирсэн. Ингэж байж бид нөөцөө нэмэгдүүлээд яваа юм.

-Оюут хэр ирээдүйтэй орд вэ?

-Бид 500 орчим сая тонн хүдрийн нөөц зурагдах болов уу гэж найдаж байгаа. Үүнээс гадна Засгийн газрын өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 60-70 жил ашиглах хаягдал хураах шинэ сангийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авахууллаа. Энэ бол 60-70 жил ашиглах ордыг нээсэнтэй дүйцэхүйц ач холбогдолтой шийдвэр болсон. Аливаа уурхайд эдийн засгийн хувьд ашигтай, хүн, амьтан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байдлаар хаягдлаа хураах талбай олдохгүй бол хичнээн нөөц байгаад ашиглаж чадахгүй шүү дээ. 

Мөн “Эрдэнэтийн цагаан тоос” гэж ярьдаг. Энэ бол салхи гарахаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдлаас босдог тоос л доо. Хүний эрүүл мэндэд хоргүй ч хүрээлэн буй орчныг бохирдуулан, тав тухгүй байдал үүсгэдэг эд. Манай үйлдвэр шинэ талбай руугаа хаягдлын сангаа нүүлгэнэ. Шинэ талбай хотоос хол учраас цагаан тоосны асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Харин хуучин хаягдлын сангаа ногоон байгууламж болгоно.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэж зэс хайгуулах үйлдвэр байгуулах ажлын явц ямар байна вэ?

-Бяцхан түүх ярья. “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьж эхэлж байх үед манай салбарын ахмадууд, нэр дурьдвал П.Очирбат гуай, Д.Ренчинханд гуай тэргүүтэй хүмүүс, Эрдэнэтэд ГОК биш, ГМК байх ёстой гэж үзэлцэж байсан юм билээ. Эрдэнэтэд анхнаасаа уулын баяжуулах биш, уул металлургийн үйлдвэр байх ёстой гэж үзсэн хэрэг. 

Үйлдвэрийн үе үеийн ерөнхий захирлууд Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр байгуулахад анхаарлаа хандуулж, ямар нэг алхам хийж байсан юм билээ. Хайлуулах үйлдвэр байгуулах судалгааг 1987 онд анх Ш.Отгонбилэг захирал ЗХУ-ын өнгөт төмөрлөгийн “Гипроцветмет” хүрээлэнгээр хийлгэсэн түүхтэй. Түлш, эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны зөвлөл судалгааг нь үндэслэн 1989 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн зэс болон молибден хайлуулах үйлдвэрийг цогцолбороор барих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байдаг. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах судалгааг 37 дахь жилдээ хийж байна гэж ойлгох хэрэгтэй. 

Ерөнхийд нь зэс хайлуулах үйлдвэрийн байршил, технологи, хүхрийн давхар ислийг яах вэ гэсэн гурван талаас нь ярья. Засгийн газрын захиалгаар Японы JICA агентлаг зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг хийсэн байдаг. Тэднийх 4-5 шалгуур үзүүлэлтээр судлаад хамгийн боломжтой газар нь Эрдэнэт гэж дүгнэсэн. Мөн катодын зэсээрээ өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл илүү ашигтай гэж дүгнэсэн. “Оюутолгой” ХХК-ийн зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг Канадын “Hatch” компаниар хийлгэхэд мөн л байршлын хувьд Эрдэнэт хамгийн тохиромжтой гэж тогтоосон байдаг. Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны Зэсийн дэд хорооны хурлаар Эрдэнэтэд барих нь зүйтэйг 2023 онд бас баталгаажуулсан. 

Харин зэс хайлуулах технологийн судалгааг “Эрдэнэт үйлдвэр” дэлхий дээр байгаа бүх хайлуулах технологийн патентыг эзэмшигч компани тус бүртэй нь хамтарч хийсэн юм билээ. 1987 онд ЗХУ-ын “Гипроцветмет” хүрээлэнтэй Ванюковын, 1995 онд Канадын “Noranda Minerals Inc, Canada”, BGRIMM хүрээлэнгийн “Norando”, 1997 онд Австралийн “Ausmelt” компанийн “Ausmelt”, 1999 онд ОХУ-ын “Гипроцветмет” хүрээлэнгийн ПЖВ, 2002 онд Финландын “OUTOTEC” фирмийн “Flash Smelting” технологийн судалгаануудыг хийсэн.

Ингээд энэ олон жилийн судалгааны ажлыг дүгнээд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар Ц.Даваацэрэн захирал ажиллаж байх үед буюу 2014 онд БНХАУ-ын “ENFI engineering” хүрээлэнгийн SKS технологийг хөрөнгө оруулалт болон урсгал зардал хамгийн багатай гэж хайлуулах технологиороо сонгосон. Канадын “Hatch” 2018 онд дэлхий дээрх хайлуулах технологуудыг харьцуулсан судалгааг танилцуулсан. Ингээд хөрөнгө оруулалт болон урсгал зардал хамгийн багатай технологиор SKS-ийг тодорхойлсон. Хайлуулах үйлдвэр барихад хамгийн том бэрхшээл хүхрийн давхар ислийг яах вэ гэдэг асуудал байдаг.

-Зэс хайлуулах үйлдвэрээс гарах хүхрийн хүчлээ аюулгүй байдлаар зохицуулах нь байршил, технологи сонгохоос чухал гэж ойлгодог.

-Хүмүүс хүхрийн хүчил гардаг гэж ярьдаг. Хүхрийн давхар исэл гэдэг хий гардаг. Харин хүхрийн давхар ислийг хүхрийн хүчил юм уу эсвэл элементийн хүхэр болгож болно. Хүхрийн давхар ислийг саармагжуулах олон арга бий. 

Хөвсгөлийн фосфоритын ордыг ашиглаад фосфорын бордоо үйлдвэрлэх судалгааг ЗХУ-ын үед хийсэн. Төмөр зам барих тооцоо ч байдаг. Би сайд байх үедээ фосфоритын бордооны талаар судалгаа хийлгэсэн. Нэгдүгээрт, хөвсгөлчүүд фосфоритын ордоо ашиглуулахад бэлэн биш юм билээ. Хоёрдугаарт, Эрдэнэтэд тээвэрлэж авчрах зардал маш өндөр. Бараг алт шиг үнэтэй болно. Гуравдугаарт, фосфорын бордоо үйлдвэрлэлээ гэхэд манайх Орос, Хятадын хаагуур нь зарах вэ. Хятад фосфорын бордооны үйлдвэрлэлээр дэлхийд нэг, Орос дөрөвдүгээрт бичигддэг. Дотоодод хэрэглээ бараг байхгүй. 

Хүхрийн давхар ислийг жоншны баяжмалтай нийлүүлж фторт хөнгөн цагаан, фторт устөрөгч үйлдвэрлэх боломж бий. Фторт хөнгөн цагаан үйлдвэрлэхийн тулд бидэнд хөнгөн цагаан (боксит) хэрэгтэй. Хөнгөн цагаан Оросоос авна. Гадаадаас түүхий эдийн хамааралтай байх нь зөв шийдэл биш. Хүхрийн хүчлээ жонштой нийлүүлж фторт устөрөгч үйлдвэрлэлээ гэхэд төвлөрсөн агуулахуудад голдуу ашигладаг. Ингэж ашиглах нь Хятадад түгээмэл. Үйлдвэртэй нь зэрэгцүүлээд том том хөргөлтийн агуулахууд барьсан байдаг юм билээ. Өөр хэрэглээ бараг байхгүй. Үүнийг манайхан хайлуурын хүчил гэж нэрлээд байгаа. Тээвэрлэхэд хүндрэлтэй.

Хүхрийн давхар ислээр цэвэр элементийн хүхэр үйлдвэрлэх боломж бий. “Эрдэнэт үйлдвэр” ийм аргаар хүхрийн давхар ислийг саармагжуулахаар зорьж байгаа. ENFI патентыг нь эзэмшдэг юм. Лабораторийн болон хагас үйлдвэрлэлийн туршилт амжилттай болсон. Туршилтын үйлдвэрийг Шинжаан Уйгурт барьсан. Тэнд хүхрийн давхар ислийг элементийн хүхэр болгох туршилт хийж эхлээд байгаа. 

Бид өнгөрсөн сарын эхээр очиж үзлээ, үр дүнг нь сонслоо. Ямартай ч Шарын голын нүүрснээс хий гаргах ажил амжилттай болсон байна. Одоо 1 тонн элементийн хүхэр үйлдвэрлэхэд хэдэн тонн нүүрс зарцуулах вэ, элементийн хүхрийн гарц ямар байх вэ гэдгийг тогтоох, бас эдийн засгийн тооцоон дээр ажиллаж байгаа. Ирэх есдүгээр сард тодорхой дүгнэлт гарчихна. 

Хятад улс жилд найман сая тонн элементийн хүхэр гадаадаас авдаг. Бид элементийн хүхрээ Хятадын зах зээлд борлуулна. Байршил, технологио сонгосон, хүхрийн давхар ислийг хэрхэх аргаа олчихсон учраас зэс хайлуулах үйлдвэр барина, барих барихдаа технологийн парк хэлбэрээр барина гэдгээ 2023 оны есдүгээр сард “Mongolian mining week 2023” арга хэмжээн дээр танилцуулсан. Сая Канадын PDAC-2024 дээр илтгэл тавьж, дэлхий дахинд зарлалаа. 

Дан ганц хайлуулах үйлдвэр ашиг багатай. Өгөөжийн дотоод норм 6-7 хувь. Тэгэхээр гол ашгаа дараагийн шатны өртөг шингэсэн үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс олно. Зэс утас, кабелийн ТЭЗҮ, зэс нано нунтагийн ТЭЗҮ-г хийгээд, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өгсөн. Манайх зэс утас, кабель, зэс хоолой, труба, нунтаг, ялтас зэргээс илүү ашиг олно. 

Үйлдвэр технологийн паркийн төслийг маань гадаадууд сонирхож байна. Өнгөрсөн долоо хоногт Арабын нэгдсэн Эмиратаас хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл ирж, хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Японы том хөрөнгө оруулагч “Мицуй”-гийнхан бас ирж уулзсан. 

Орхон аймаг үйлдвэр технологийн паркийн зориулалтаар 1200 га газар эзэмшүүлсэн. Үйлдвэр технологийн паркийн авто зам, төмөр зам дуусах шатандаа орж байна. Усан хангамжийг шийдэх гүйцэтгэгч тентерт шалгараад, ажлаа эхлүүлсэн. Цахилгаан хангамжийн зураг төсөл дууссан. “Эрдэнэт үйлдвэр” одоогийн байдлаар дэд бүтцэд 40 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулаад байна. Бид 2027 он гэхэд хайлуулах үйлдвэрээ барьж дуусгахаар төлөвлөсөн. Мөн молбиден баяжуулах үйлдвэр ч барина. 

-Үйлдвэрүүд барих хөрөнгө оруулалтыг “Эрдэнэт үйлдвэр” өөрийн мөнгөн урсгалаар шийвэрлэх үү, эсвэл нэмэлт санхүүжилт авах уу. Ямар байдлаар хөрөнгө оруулалтаа шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ? 

-Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр” өөрсдөө санхүүжүүл гэсэн тогтоол гарсан байдаг. Сүүлийн жилүүдэд, ялангуяа 2023 онд “Эрдэнэт үйлдвэр” үйлдвэрлэл, эдийн засгийн түүхэн рекорд амжилтууд гаргасан. Бид анх удаа дөрвөн их наяд төгрөг давсан борлуулалт хийсэн. 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн гэсэн үг. Мөн анх удаа хоёр их наяд төгрөг давсан татвар, хураамжийг улсын төсөвт төвлөрүүллээ. Улсын нийт төсвийн 11 хувийг “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлсэн байна. Ингээд 800 гаруй тэрбум төгрөг буюу 200 гаруй сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан. 

Бага мөнгө биш. Гэхдээ зэс хайлуулах үйлдвэрт том хөрөнгө оруулалт шаарлагатай. Тэгэхээр банкнаас зээл авах, бонд гаргах гэх мэт боломжууд бий. Жишээ нь Чилийн төрийн өмчит зэсийн компани “Codelco” хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд 30 жилийн хугацаатай хоёр тэрбум ам.долларын бонд гаргалаа. Манай үйлдвэр одоогоор ямар ч өргүй, сүүлийн гурван жилийн санхүүгийн үйл ажиллагаандаа KPMG -гээр аудит хийлгэсэн. 

-Үйлдвэр технологийн паркийн нийт хөрөнгө оруулалтын төсөөлөл хэдэн ам.доллар вэ?

-Хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг 2019 онд 762 сая ам.долларын хөрөнгө оруулалттай байхаар хийсэн. Мэдээж энэ бол ковидын өмнөх үеийн тооцоо. Цар тахлын үед түүхий эд, барилгын материал, тээврийн зардлын үнэ өссөн. Элементийн хүхрийн үйлдвэрийн түршилтын үр дүнгээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх байх. ТЭЗҮ-ийн тодотголоор орж ирэх ёстой. 

Харин нөгөө хоёр эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийн хөрөнгө оруулалт харьцангуй бага. Эрдэс баялгийн зөвлөл хэлэлцээгүй байгаа учраас тоо хэлээд яах вэ. Ерөнхийдөө “Эрдэнэт үйлдвэр” өөрөө хөрөнгө оруулах боломжтой. Мэдээж бүтээгдэхүүнээр барьцаалж, “offtake” гэрээ хийх боломжтой. Молбидены баяжуулах үйлдвэр барихад 40 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан. 

Жишээ нь, манайх “Самсунг” компанитай 30 жил худалдааны түнш яваа. “Самсунг”-ийн удирдлагуудтай уулзахдаа “Танайхан гар утсанд ордог зэсийг манай Эрдэнэтээс 30 гаруй жил авлаа. Та нар гар утасны жижиг зэс деталын үйлдвэрийг бидэнтэй хамтарч Монголд барь” гэж хэлдэг. Бид өөрсдийн технологитой, үйлдвэр барих туршлагатай, патент эзэмшигч компаниудад үйлдвэрийн тодорхой хувийг эзэмшүүлээд, хөрөнгө оруулалтыг нь аваад, хамтарч ажиллах бодлого баримтална. 

Тогтвортой үйл ажиллагаанаас хөрөнгө оруулалт, ашгаа олох бодлоготой, зах зээлээ мэдэрдэг, байр сууриа олсон компанитай хамтрах хэрэгтэй. Технологи шингэсэн бүтээн байгуулалтад “түлхүүр гардуулах” нөхцөл тэр болгон таардаггүй. Түлхүүр гардуулсны дараах хэвийн, найдвартай үйл ажиллагаа маш чухал байдаг. Бид үйлдвэрлэж чадлаа ч бүтээгдэхүүнээ зарж чадахгүй байх эрсдэл бас бий. 

-Технологийн паркийн үйлдвэрт хөрөнгө оруулах сонирхолтой компанид хувьцааныхаа хэдэн хувийг амлах вэ?

-Одоогоор 15 орчим хувийг амлана гэсэн төсөөлөлтэй байгаа. Патент, технологи эзэмшигч компанийн сонирхлыг үйлдвэрийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагаанд заавал шингээх хэрэгтэй гэж бодож байгаа. Мэдээж энэ бүх зүйлээ толгой компани болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр ярьж эцэслэн шийднэ шүү дээ.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны тодорхой хувийг хөрөнгийн зах зээлд арилжиж, үйлдвэр барих санхүүжилтээ босгох боломж бий. Хувьцааныхаа тодорхой хэсгийг хөрөнгийн биржээр дотоодын хөрөнгийн зах зээлд арилжвал одоогийн залуус баярлах байх. Та “Эрдэнэт үйлдвэр”-ийг олон нийтийн компани болгох талаар ямар байр суурьтай хүн бэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 гаруй хувь нь иргэдийнх болчихлоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд олон нийтийн компани болгоход шийдэх нэг зүйл нь 49 хувийн асуудал. Энэ асуудал шийдэгдсэн тохиолдолд олон нийтийн, нээлттэй компани болох талаар хөндөгдөх болов уу гэж боддог. 

Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зүгээс энэ чиглэлийн бодлого баримталж байгааг мэднэ. Олон нийтэд нээлттэй компани болгох тал руу үе шаттай ажлууд хийж байгаа. 2022 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хувиар Канадын PDAC-д оролцохдоо Торонтогийн хөрөнгийн биржийн Уул уурхайн асуудал хариуцсан захирал Д.Макферсонтой уулзаж, Монголын төрийн өмчит уул уурхайн компаниудыг нээлттэй болгох чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан юм. Тэд ч хүлээн авч, Монголын компаниудыг Торонтогийн хөрөнгийн биржид гарахад илүү дөт замыг зааж өгч хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. 

Бид 2021-2023 оны үйл ажиллагаандаа олон улсын аудит хийлгэснийг дээр дурдсан. Бас зээлжих зэрэглэлээ S&P -гээр тогтоолгохоор төлөвлөөд байна. Канадын хариуцлагатай уул уурхайн TSX гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бий. “Эрдэнэт үйлдвэр”-т энэ стандартыг нэвтрүүлнэ. Ерөнхийдөө бэлтгэл ажлыг хийгээд явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. 

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны 49 хувьтай холбоотой ямар асуудал байдаг юм бэ?

-“Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн өмчит болсон. Монгол Улсын баатар үйлдвэр боллоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд 49 хувьтай холбоотой ямар ч асуудал, эрсдэл байхгүй. Харин хууль шүүхийн шатанд дуусаагүй асуудал бий. Эцэслэн шийдвэрлэх шаардлагатай асуудал.

-Олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагын шинжээчид тонн зэсийн үнэ 2025 онд 12 мянган ам.доллар хүрнэ гэсэн төсөөлөл хийж байна. Зэсийн үнийн өөдрөг төсөөлөл “Эрдэнэт үйлдвэр” төдийгүй, монголчуудын инээдийг хүргэсэн сайн мэдээ гэдэгтэй та санал нийлнэ биз дээ.

-Тэгэлгүй яах вэ. Бид гадаадын том экспертүүдээс зөвлөгөө авдаг. Тиймээс Монголд зэсийн үнийн хамгийн бодит төсөөллийг манайх хийж чадах байх. Жишээ нь, “Голдман сакс” 2025 онд зэсийн үнэ 15 мянган ам.доллар болно гэсэн. Гэтэл зарим нь зэсийн үнэ 8500 ам.доллар хавьцаа байна гэж байна. 

Хэрэглээний хэмжээ зэсийн үнэд гол нөлөөтэй. Энэ талаас нь харвал хэрэглээ тогтмол өсөж байгаа. 2050 он гэхэд дэлхийн зэсийн хэрэглээ гурав дахин өсөх төсөөлөл бий. Энэ нь цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өсөж байгаатай холбоотой.

Сүүлийн нэг жилд хэд хэдэн улс зэсийг чухал ашигт малтмалын жагсаалтдаа орууллаа. Хэрэгцээ ихтэй болж байгаа учраас чухал гэсэн ангилалд оруулж байна. Зэсийн хэрэгцээ ихсэж байхад дэлхийн ордуудын агууламж тогтмол буурч байна. Ганц “Эрдэнэт”-ийнх ч буураагүй байгаа биз. Эдгээр нөхцөлөөс харахад зэсийн ирээдүй сайхан байна. 

Панамын “Кобре Панама” гээд зэсийн том уурхай 2023 оны арванхоёрдугаар сарын эхээр хаагдсан. Жилд 300 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэдэг уурхай. Манайхаас 2.5 дахин их хүчин чадалтай гэсэн үг. “Кобре Панама” гэдэг ордыг Канадын “First Quantum” компанид ашиглуулах Засгийн газрын гэрээгээ Панам улсын Үндсэн хуулийн цэц хүчингүйд тооцсон учраас уурхайн үйл ажиллагаа зогссон. Тухайн гэрээг Панамын ард түмэнд ашиггүй гэж үзээд хүчингүй болгосон юм билээ. 

Дэлхийн уул уурхайн томууд болох “Anglo American”, “BHP” компанийн үйлдвэрлэлийн төсөөлөл, прогноз буурч эхэлсэн. Тэгэхээр 2024 онд зэсийн баяжмалын дутагдал үүсэхээр харагдаж байгаа нь зэсийн үнэ сүүлийн үед өсөхөд нөлөөллөө. Гэхдээ тааж хэлэхэд бэрх зах зээл л дээ.

Т.Энхбат

Бусад мэдээ

УБТЗ-ын төлөөлөгчид Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын бага хуралд оролцлоо

УБТЗ-ын төлөөлөгчид Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын бага хуралд оролцлоо

Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага /ТЗХАБ/-ын Ерөнхий захирлуудын XXXVII бага хурал БНПУ-ын

Монгол Улсын шигшээ баг АЗИЙН АВАРГА боллоо

Монгол Улсын шигшээ баг АЗИЙН АВАРГА боллоо

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг Австра

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн