Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев өөрийн эхнэр болох Салтанат Нукеноваг хөнөөсөн гэмт хэрэгт буруутайд тооцож 24 жил хорих ял оноолоо. Тангарагтны шүүх 44 настай Бишимбаевыг эхнэрээ эрүүдэн шүүсэн, удаа дараа онц хүчирхийлэл үйлдэж амийг нь хохироосон гэж үзэв. Салтанат Нукенова өнгөрсөн оны 11 сард ресторанд нас барсан байдалтай олдсон. Хэрэг болсон ресторан нь Бишимбаевын хамаатны эзэмшдэг газар бөгөөд хохирогч нас барахын өмнөх өдөр нөхөртэйгөө хамт тэнд байсан нь камерын бичлэгт үлдсэн байдаг.
Шүүх хурлын үеэр хүчирхийлэл үйлдсэн бичлэгийг үзүүлсэн бөгөөд Бишимбаев эхнэрээ зодож, өшиглөж, үснээс нь зулгаан чирч буй дүрсийг харуулсан байна. Мөн тэрбээр эхнэрээ өөд болохоос өмнө өөрийн гар утсаараа бичлэг хийж нэг асуултаа байн байн давтан эхнэрээсээ асууж байгаа нь бичлэгт үлдсэн нь шүүх хуралдааны үеэр ил болсон.
Бишимбаевын үеэл Байжановт хэргийг нуун дарагдуулахад оролцсон хэргээр 4 жил хорих ял оноосон
Мөн Бишимбаевын үеэл Бахытжан Байжановыг хэргийг нуун дарагдуулахад оролцсон хэрэгт буруутгаж дөрвөн жилийн хорих ял оноолоо. Бишимбаев, Байжанов хоёр шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй.