"Дэлхийн Алтаргана-24" их наадмын талаар Буриадын соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангаас өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ жилийн олон улсын наадмын гол зорилго нь залуучууд, хүүхдүүдэд буриад үг хэллэгийг таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээхэд чиглэж байгаа аж. "Алтаргана" наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд "Буриад дууны уралдаан" нэртэй эхлүүлж олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа хийх гэж байгаа юм байна. Тус наадмын гол зохион байгуулалтыг Булган аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулж байгаа бөгөөд наадмын талбай, хоол унд, жорлон зэрэг асуудлуудаа сайн шийдсэн, бэлтгэл ажил сайн байгаа гэдгийг зохион байгуулагчид онцлов.
Наадмын үеэр буриад ардын болон орчин үеийн дуу дуулаачдын, үлгэрч, ерөөлч, магтаалчдын, ардын гар урлал, яруу найргийн зэрэг олон төрлийн уралдаанууд болох аж.
Мөн дөрвөн насны морь уралдаж, шагайн наадам хийж буриад бөх барилдах юм байна.