ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “Юуны өмнө амь үрэгдэгчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна.
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан эрэгтэй О нь 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр нас барсан хэргийн талаар мэдээлэл танилцуулъя.
Энэ сарын 23-ны өдрийн 11:23 цагт цагдаагийн байгууллагад Улсын III эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт долдугаар сарын 22-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангиас биеийн байдал хүнд хүн ирлээ гэх дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүргийн II хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Амь хохирогч О нь Эрүүгийн хуульд заасан таван гэмт хэрэгт долоон холбогдогчтой 53 хэргээс 10 үйлдэлд яллагдагчаар татагдан шалгагдаж байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан. Улмаар 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, прокурорын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Амь хохирогч О нь 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасны дагуу тус газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Амь хохирогч О нь дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон бөгөөд долдугаар сарын 12-ноос хойш хэвлий хэсгээр өвдөлт өгч, нуруу өвдөж байна гэх шалтгааны улмаар Цагдан хорих төвийн эмнэлэгт эмчлүүлж байсан. Долдугаар сарын 22-ний өдөр бие нь муудаж, улмаар Улсын нэгдсэн III эмнэлэгт хүргэгдэн очоод долдугаар сарын 23-ны өдөр цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжил, үжлийн шок, амьсгалын гачаалт хам шинж зэрэг эмнэлгийн байгууллагын урьдчилсан оноштойгоор нас барсан.
Үхлийн шалтгааныг дахин шалгуулахаас цагдаагийн байгууллагаас шүүх шинжилгээний байгууллагын шинжээч эмчийг томилуулан, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Хорих ангид анх очиход тухайн хоригдогчийн биед эрүүл мэндийн үзлэг хийдэг. Нийтдээ 16 удаагийн үзлэгт хамруулсан байсан” гэдэг мэдээлэл өглөө.
Мөн тэрбээр энэ хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчид одоогоор ажил үүргээ гүйцэтгэж байгааг мөн хэллээ.
Мөрдөн байцаах албаны дэд, Дүн шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр “АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хүний эрх зөрчсөн эсэх, эрүүл мэндэд хохирол учруулсан эсэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөн цагдаагийн байгууллагаас тухайн хэлтсийн алба хаагчидтай холбоотой албаны шалгалт явуулж байна.
Амь хохирогч О өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж, нэг удаа Зөрчлийн хуулиар арга хэмжээ авхуулж байсан.
Амь хохирогч О нь эрүүгийн 10 хэрэгт холбогдон шалгагдаж байсны нэг нь Эрүүгийн хуулийн 11.4 буюу бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, бусад есөн хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.4-т заасан хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан" гэлээ.