fitness
  • 590 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-11

Урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ.

Энэ өвөл улсын хэмжээнд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 4.8 сая адуу, 5.5 сая үхэр, 470 мянган тэмээ, 32.7 сая хонь, 27.6 сая ямаа буюу нийт 71.1 сая мал тоологдсон нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 5.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна.  

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн зөвлөмжөөр 8000 тонн үхрийн түүхий мах, 5000 тонн дулааны аргаар боловсруулсан үхрийн мах, адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг хязгаарлалтгүй экспортлохоор баталсан юм. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний байдлаар БНХАУ, ОХУ, Япон, Казахстан, Киргиз, Узбекистан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Хонконг болон Вьетнам улсад 50.6 сая ам.долларын өртөг бүхий 6.9 мянган тонн адууны мах, 144.5 тонн үхрийн мах, 3.9 мянган тонн хонь, ямааны түүхий мах, 5000 тонн боловсруулсан мах,  252 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 16.1 мянган тонн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна.

Тухайлбал: Узбекистан Улс Монгол Улсаас өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар 500 тонн мах, дайвар бүтээгдэхүүн импортолсон бөгөөд цаашид энэ хэмжээгээ эрс нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа аж. Узбекистан улс мах, махан бүтээгдэхүүн импортлох зөвшөөрлийг Монгол Улсын есөн аж ахуйн нэгжид олгосноор тус улсад экспорт хийх боломжтой аж ахуйн нэгжийн тоо 26 болжээ.

Улсын хэмжээнд мал төхөөрөх 98, мах боловсруулах 80 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа ч суурилагдсан хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг ашиглаж байна. Сүүлийн таван жилд дунджаар 35.7 мянган тонн махыг үйлдвэрийн аргаар төхөөрсөн нь хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны 6.2 хувийг эзэлж байгаа аж.  

Харин амьд малын экспорт 2022 оны аравдугаар сараас эхэлж, 12 дугаар сарын 31-ний байдлаар 2.4 сая ам.долларын өртөг бүхий 23 мянга 100 толгой хонь, 5392 толгой ямаа, 11 толгой адуу нийт 28 мянга 503 толгой мал экспортолжээ.

Үүнээс гадна өнөөдрийн байдлаар хот суурин газрын хүн амын хаврын махны нөөц бүрдүүлэх зорилгоор мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжид ХААН болон Худалдаа, Хөгжлийн банкаар дамжуулан 53.3 тэрбум төгрөг олгоод байна. Мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 130.0 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн юм. Түүнчлэн аймгууд 2.5 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 1.1 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Яамны зүгээс ирэх жилээс эхлэн нөөцийн мах бэлтгэхгүй. Нөөцийн махны борлуулалт, сүлжээ зэрэг бүх асуудал нийслэлийн харьяалалд байдаг. Иймд хэдэн тонн мах бэлтгэх талаар тооцоо, судалгаагаа хийгээд бэлтгэлийн асуудлаа нийслэл нь бүрэн хариуцах шаардлагатай" гэж мэдэгдэж байсан юм.

Бусад мэдээ

Тогтвортой хот төсөлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана

Тогтвортой хот төсөлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзаж ха

2023 онд суудлын машины импорт өмнөх жилээсээ 17 хувиар өсөж, авто бензинийх 6.2 хувиар буурчээ

2023 онд суудлын машины импорт өмнөх жилээсээ 17 хувиар өсөж, авто бензинийх 6.2 хувиар буурчээ

2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, га

Ариунзул С.
Ариунзул С.