Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2023.01.10) хуралдаанаар Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн, “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцлөө.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төслийн талаар танилцуулсан.
Улс орнууд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр гадаад улсын нутаг дэвсгэрт хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагааг гүйцэтгүүлэх боломжтой болж, хэрэг маргааныг үр дүнтэй шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Хэлэлцээр байгуулахаар Макаогийн талтай тохирч, төслөө 2019 онд эцэслэжээ.
Монгол одоогоор эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр нийт 23 улстай хоёр талт олон улсын 36 гэрээ байгуулсан. Үүний 16 нь иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ юм байна.
Монгол Улс БНХАУ-тай 1989 онд “Иргэн эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод үйлчилдэггүй аж. Иймээс Монгол Улсын иргэд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод суралцах ажиллах, бизнес болон аяллын зорилгоор зорчих, оршин суух явдал нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улс БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хооронд иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр байгуулахаар Макаогийн талтай тохирч, төслөө 2019 онд эцэслэсэн байна.
Макогийн тал хэлэлцээрийн төслийг эцэслэн хянаж гарын үсэг зурахад бэлэн болсноо 2022 онд мэдэгдсэн гэдгийг төслийн танилцуулгад Х.Нямбаатар сайд танилцуулав. Хэлэлцээрийн төсөл нь 19 зүйлтэй.
Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үндсэн зарчим, харилцах журам, эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ хязгаар, шүүхийн болон шүүхийн бус баримт бичгийг хүргүүлэх, нотлох баримт цуглуулах, шүүхийн даалгавар биелүүлэх, баримт бичгийн бүрдүүлбэр, тавигдах шаардлага, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт заасны дагуу Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр нь Улсын Их Хурлаар соёрхон батлах олон улсын гэрээ юм байна.
Монгол Улсын 12 иргэн Макаод байнгын оршин сууж, үйл ажиллагаа явуулж байна.
Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан соёрхон батлах олон улсын гэрээг байгуулах гэрээнд гарын үсэг зурах шийдвэрийг Засгийн газар, Улсын Их Хурал, холбогдох Байнгын хороодод урьдчилан зөвшилцөнө гэж заасны дагуу хэлэлцээрийн төслийг танилцуулж байгаа аж.
Монгол Улсын 12 иргэн Макаод байнгын оршин сууж, үйл ажиллагаа явуулж байгааг ажлын хэсгээс мэдээлсэн бөгөөд 5 иргэн ял эдэлж байгаа гэв. Харин манай улсын иргэн, хуулийн этгээд нь арилжааны үйл ажиллагаанаас үүдэлтэй Макаогийн харьяалалтай иргэн, хуулийн этгээдтэй үүсгэсэн маргаан байхгүй.
Монгол Улс БНХАУ-тай 1989 онд байгуулсан “Иргэн эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” гэрээний хүрээнд жилд тус улсад ял эдэлж буй 2-5 иргэнээ шилжүүлж авдаг. Одоо 80 гаруй иргэн БНХАУ-д ял эдэлж байгаа гэх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд өгсөн.
Харин тус улсын засаг захиргааны онцгой бүс Макаод дээрх гэрээ үйлчилдэггүй юм байна. 2017 оноос эл гэрээг байгуулахаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд үйл явц үргэлжилсээр өнөөдрийг хүрч байгаа аж. Гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, мэдээлэл авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ.
Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.