Ховд аймгийн Булган суманд энэ 2024 оны 9 дүгээр сайрын 8-нд “БАЯН-ӨНДӨР хайрханы тэнгэрийг тайх ёслол” хийхээр төлөвлөж, бэлтгэл ажилдаа ороод буй. Энэ ёслолын арга хэмжээний хүрээнд Азарга, Их нас, Бага насны ангилалаар жороо морьдын уралдаан, бөхийн барилдаан, нум сумын харваа, сурагчдын дунд насны ангилалаар шатрын тэмцээн, волейболын тэмцээн бусад арга хэмжээ зохион байгуулж, Булган сумаас төрсөн зарим алдартанд хүндэтгэл үзүүлэх юм.
Энэхүү арга хэмжээг санаачлагч, Ховд аймгийн Булган сумын уугуул, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганхуяг өчигдөр буюу 2024 оны 8 сарын 27-нд Тэнгэр тайх ёслолоо хэрхэн зөв үйлдэх талаар ламтай уулзаж Баян-Өндөр хайрханы газар орныг шинжүүлжээ. Ламын айлдахдаа "Наран ургах зүүн талаас тахих хэрэгтэй. Уулыг бэлээс нь усыг эхнээс нь гэдэг. Урд, баруун талаас нь дөхөж очвол хайрхан өөрөө харагдахгүй юм байна" хэмээсэн байна.
Нэмж хэлэхэд Торгууд түмэн нутгийнхаа Баян-Өндөр хайрханаа тахин шүтэж, тэнгэрийг нь тайх ёслолыг нэгэн сэтгэлээр, итгэл үнэмшилээ нэгтгэн хийдэг болцгооё гэдэг уриалгыг санаачлагч Д.Ганхуяг хэлж буй. Учир нь Торгуудын өвөг дээдэс эрт дээр үеэсээ Баян-Өндөр хайрханаа танхин шүтэж, далдын эзэн, лус савдаг байдаг хэмээн билэгшээж, тэднийг баярлуулж баясгаж, аргадаж идээ будаагаа өргөж иржээ.