fitness
  • 600 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-12

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн (2023.01.11) хуралдаанд “Соёлын бүтээлч сар" сэдвээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийлээ.

Соёлын яам өнгөрсөн хугацаанд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг хийжээ. Өөрийн орны нөөц бололцоо, олон улсын туршлага чиг хандлагатай уялдуулан, хөгжлийн бодлогоо тодорхойлон “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл, арга хэмжээг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 314 дүгээр тогтоолыг батлуулсан байна.

Энэ хүрээнд үндэсний агуулгатай, инновац шингэсэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, соёлын өвд суурилсан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын ажилтан, уран бүтээлчид, хүүхэд залуучууд, иргэдийн бүтээн туурвих авьяас, чадавхыг хөхиүлэн дэмжих, соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийг ойртуулах чиглэлээр хийж байгаа томоохон ажил нь "Соёлын бүтээлч сар" аян гэв.

Соёлын яамнаас 2021 онд цар тахлын дараах бэрхшээлийг даван туулах соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр 167 арга хэмжээ зохион байгуулжээ.


2022 онд соёлын салбарын хөгжлийн үндсэн дөрвөн зорилтын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд нэгдсэн өнгө төрхтэйгөөр 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 2063 арга хэмжээг зохион байгуулсан гэв.

“Соёлын бүтээлч сар”-д төрийн болон орон нутгийн өмчийн 512 соёлын байгууллага, олон улсын байгууллага, хамтын удирдлагын байгууллага, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, 2700 гаруй чөлөөт уран бүтээлч, эрдэмтэн судлаачид хамрагджээ. Онцлох ажлууд нь:

  • “Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн нэгдсэн арга хэмжээ”,
  • “Монгол цам”,
  • “Язгуурын тав” тусгай үзэсгэлэн,
  • Кино урлагийн салбарын анхдугаар зөвлөгөөн, номын санчдын IX дүгээр зөвлөгөөн

Хүний эрх, соёлын эрхийг хамгаалах, соёлын үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдлыг хангах хүрээнд 6000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлсэн. Энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн найман хувийг хамарчээ.

Хүүхэд нэгдүгээрт бодлогын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран урлаг, соёл, боловсролын оролцоот хөтөлбөрүүд, тоглолт, үзвэр үйлчилгээнд нийт 277124 хүүхдийг хамруулсан.



Энэ нь Монгол Улсын нийт хүүхдийн 23 хувьд хүрсэн. “Соёлын бүтээлч сар” аяныг хоёр жил дараалан зохион байгуулсан. Энэхүү аян Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод соёлыг хөгжүүлэх холбогдолтой тусгасан зорилт, арга хэмжээ хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Жил бүр агуулга, хэлбэрээ баяжуулан, цар хүрээний хувьд өргөжиж байгаа "Соёлын бүтээлч сар" аянд оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, соёл урлагийн олон талт үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёлын салбарын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг тэлж, дээшлүүлэх ач холбогдолтой.

2022 онд давхардсан тоогоор 6.2 сая иргэд соёлын хүртээмжид хамрагдсан гэсэн судалгаа гарсан гэв.

Үргэлжлүүлэн Соёлын яамнаас 2022 оны 11 дүгээр сард зохион байгуулсан “Соёлын бүтээлч сар” аяны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг тус яамны Соёлын үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Г.Батхуяг хүргэв.

Тэрбээр мэдээлэлдээ, Энэ жилийн “Соёлын бүтээлч сар” аяныг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бүх нийтийн соёлын боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал гэсэн дөрвөн бодлогын хүрээнд явуулсныг тодотгоод 2022 оны онцлох гол үр дүн нь оролцогч талууд өргөн хүрээнд хамрагдсаныг онцолсон. 

“Соёлын бүтээлч сар” аяны эхний 7 хоногт үндэсний нэгдмэл үнэт зүйл зорилтын хүрээнд зохион байгуулсныг дурдаад энэ хүрээнд аймаг, нийслэл, сум дүүргийн соёл, урлагийн байгууллагууд, нутгийн авьяастнуудыг алдаршуулах тоглолт, арга хэмжээ, орон нутгийн онцлог бүхий гар урлал, дүрслэх урлаг, гэрэл зургийн үзэсгэлэн, угийн бичиг хөтлөх арга зүйн сургалтууд, үндэсний бичиг үсгийг сурталчлах өдөрлөг, нүүдлийн соёл иргэншлийг сурталчилсан нийт 235 арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, тэдгээрт   71461 хүн хамрагдсан гэж байлаа.

Мөн “Соёлын бүтээлч сар” аяны хоёр дахь 7 хоногийг бүх нийтийн соёлын боловсрол дээшлүүлэх зорилт агуулгын хүрээнд зохион байгуулж, энэ хүрээнд аймгийн нийслэл, сум, дүүргийн соёл, урлагийн байгууллагууд хүүхдэд зориулсан урлагийн тоглолт, номын уншлагыг дэмжих 7 хоног, музейн боловсролын хөтөлбөрүүд, иргэдийн чөлөөт цагийг дэмжсэн олон талт арга хэмжээ, нээлттэй хаалганы өдөрлөг зэрэг нийт 347 арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, тэдгээр 120503 хүн хамрагдсан байна. 


Түүнчлэн “Соёлын бүтээлч сар” аяны гурав дахь 7 хоногийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд зохион байгуулсан. Энэ хүрээнд кино урлаг, дуу хөгжим, ном хэвлэл, дүрслэх урлаг, хувцас загвар зэрэг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэлд төвлөрүүлж, форум, хэлэлцүүлэг, урлагийн тоглолтууд зэрэг нийт 476 арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, тэдгээр нийтдээ 544517 хүн хамрагдсан. “Соёлын бүтээлч сар” аяны дөрөв дэх 7 хоногийг соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтод чиглүүлж, энэ хүрээнд улсын хэмжээнд нийтдээ 1005 арга хэмжээ зохион байгуулж тэдгээрт 277124 хүн хамрагдсан  гэв.   

Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд, "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд олон улсад зохион байгуулагдсан арга хэмжээ болон аяны үр дүнгийн талаар танилцуулсан. 

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг яаралтай боловсруулахад Соёлын яам онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг дурдаад Байнгын хорооны хуралдаанаар цаашдаа соёлын салбар дахь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, засвар үйлчилгээтэй холбоотой асуудлаар холбогдох тайлан,мэдээллүүдийг сонсоно гэдгийг мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусад мэдээ

461 дүгээр хаалттай хорих ангийг хүний эрхийг хангах чиглэлээр ахиц гаргасан гэж талархав

461 дүгээр хаалттай хорих ангийг хүний эрхийг хангах чиглэлээр ахиц гаргасан гэж талархав

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос/ХЭҮК/ 2023 онд хүний эрхийг хангах чиглэлээр тодорхой ахиц дэвшил га

Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангаж, ажиллахыг үүрэг болголоо

Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангаж, ажиллахыг үүрэг болголоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долдугаар сарын 17-нд болж дараах асуудлыг хэл

Ариунзул С.
Ариунзул С.