Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар багш нарын хомсдолын асуудлаар танилцуулга хийгдэж, тэмдэглэл гаргасан байна. Түүнчлэн багш, ур чадварын хомсдолыг шийдэх зорилгоор зургаан багц арга хэмжээ хэрэгжүүлэх талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгсөн.
Үргэлжлүүлэн багш нарын цалинтай холбоотой сэтгүүлчдийн асуултад П.Наранбаяр сайд "Боловсролын салбарт хамгийн чадварлаг хүмүүс ирдэг, элсэж ордог, бэлтгэгддэг байхын тулд цалин хангамжийн асуудал сайн байх ёстой.
Өнөөдөр багш хүний үндсэн цалин сарын 1.4 сая төгрөгөөс эхэлж байна. Үүнээс нэмэгдлээр 100 гаруй хувийг авах боломжтой. Тэгэхээр 3.8 сая төгрөгийн цалинтай 1,000 гаруй багш байна. 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн гэсэн үг. Хөдөө орон нутаг, сумын түвшинд очоод багшилбал шууд 40 хувийн нэмэгдэлтэй байгаа.
Улсын дунджаас нь харвал ерөнхий боловсролын сургуулийн багш нар 2.4 сая, сургуулийн өмнөх боловсролын багш 2.3 сая төгрөгийн цалин авч байгаа.
Гэхдээ багшийн цалинг үе шаттай нэмэгдүүлэх асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Мөн үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байгаа.
Цалинг нэмэгдүүлж байж энэ салбар өрсөлдөх чадвартай болж, хамгийн сайн хүн ажилладаг цаг үе ирнэ" хэмээн хариуллаа.