Алтны үнэ ирэх онд 10 хувиар өсөж, шинэ дээд түвшинд хүрнэ гэж салбарын мэргэжилтнүүд тооцоолов
БНХАУ-ын эдийн засгаа дэмжих бодлого эрэлтийг дэмжихэд хэр зэрэг үр дүнтэй байх вэ гэсэн санаа зовнил нэмэгдэж буй энэ үед зэсийн үнэ уналаа. Тухайлбал: Лондоны Металлын биржид зэсийн үнэ сүүлийн гурван долоо хоногийн доод түвшинд буюу тонн нь 9548 ам.доллар болж унасан байна.
Зэсээс гадна никель, цайр зэрэг голлох түүхий эдүүдийн үнэ нэг гаруй хувиар унасан үзүүлэлттэй байгаа аж.
Ирээдүйд зэсийн ноцтой хомсдол үүсэх хүлээлтээс үүдэлтэй спекулятив худалдан авалтын нөлөөгөөр өнгөрсөн тавдугаар сард зэсийн үнэ түүхэндээ анх удаа тонн нь 11 мянган ам.доллар хүрээд байсан юм. Хэдий тийм боловч зах зээлийн анхаарал зэсийн сул эрэлт, БНХАУ-ын зах зээлийн таагүй нөхцөл рүү эргэн шилжсэнээр үнийн өсөлт төд удалгүй эрчээ алдаад байна.
Харин алтны үнэ ирэх оны аравдугаар сард одоогийн түвшнээсээ 10 хувиар өсөх төлөвтэй байна гэж “London Bullion Market Association” тооцооллоо. Өөрөөр хэлбэл унц нь 2917 ам.доллар болж, дахин шинэ дээд түвшинд хүрнэ гэж үзсэн байна.
Төв банкнуудын алт худалдан авалт нэмэгдэж, геополитикийн эрсдэл нэмэгдсэнээр алтны үнэ энэ онд өсөлтөөрөө бусад түүхий эдийг ардаа орхиод байгаа юм.
Алтнаас гадна мөнгөний үнэ жилийн дотор 40 хувиар өсөж, унц нь 45 ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ.