Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох тухай шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор иргэд И-Монголиа, И-Халамж зэрэг цахим сайтаар мэдээллээ шалгахад алдаатай, зөрүүтэй байгаа асуудал үүсээд байна.
И-Монголиа цахим хуудасны хөгжүүлэлтийн багаас таны мэдээлэл алдаатай болон зөрүүтэй байгаа бол оршин суугаа газрын хороондоо хандахыг зөвлөсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны ажилчдаас мэдээллээ хэрхэн засуулах тухай тодруулахад "Эхлээд мэдээлэл нь үнэн, зөв байгаа эсэхийг шалгуулна. Үүний дараа ямар мэдээлэлд алдаа гарсан байна, тухайн мэдээллийг хариуцах төрийн байгууллагад хандаад алдааг засуулна" гэв.
Жишээ нь, таны хүүхдийн нэр зөрүүтэй бол өөрт ойр байрлах улсын бүртгэлийн нэгжид, харин тоо буруу бол хорооны Засаг даргад хандана. Харин үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл буруу бол Улсын бүртгэлд, автомашины мэдээлэл зөрүүтэй бол Авто тээврийн үндэсний төвд хандаж мэдээллээ засуулах боломжтой гэж байна.
И-Монголиа цахим системээр мэдээллээ засуулах хүсэлт илгээсэн бол холбогдох байгууллагууд алдааг засахаар ажиллаж эхэлсэн. Иймд хүлээцтэй хандахыг мөн зөвлөлөө.
Ташрамд мэдээлэхэд, энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж "Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй. Мэдээлэл зөрүүтэй бол шалгуулах хүсэлтээ цахимаар гаргаж болно. Гарсан алдааг иргэдтэйгээ хамтарч 14 хоногийн дотор засаж залруулах болно" гэв.