2023 оны төсвийн төслөөр нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу тус сараас эхлэн хүүхдүүдэд тэтгэмж олгохдоо зарим хүүхдийн мэдээллийг зөрүүлсэн асуудал үүсээд буй. Тэгвэл тус асуудлаар Засгийн газрын сайд нар мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: "Анх хүүхдийн мөнгийг 2009 онд олгож эхэлж байсан. 20 мянган төгрөгөөр эхэлж байлаа. Санаж байгаа бол зорилтот бүлэг рүү халамж хэлбэрээр эхэлсэн. Өрхүүдээр явж асуумж бөглүүлдэг байсан. 2020 оны дөрөвдүгээр сараас "ковид-19"-ийн хүнд үеэс эхэлж 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж 2020, 2021, 2022 онуудад тасралтгүй олгосон. Түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Улмаар халамж байгаа онохгүй байна гэх шүүмлжлэл газар авсан. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгөөр дамжуулан орлого унасан айлуудыг халамжлах хугацаа дуусгавар болж байгаа юм.
Иймд энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд л хүүхдийн мөнгө олгож байх, бодлогын шилжилт хийлээ. Сүүлийн гурван жилийн турш өрхүүд хүүхдийн мөнгө авч дадал болсон тул шууд хасах нь иргэдэд хүндрэлтэй. Энэ оноос эхлэн нийт хүүхдийн 9 хувьд л мөнгө олгохгүй.
9, 91 гэдэг тоо оновчтой. 2020-2022 онуудад хүүхдийн мөнгө авсан иргэдийн 70 хувь нь шууд хэрэглээндээ авдаг, үлдсэн 30 хувь нь хадгаламждаа хийдэг гэсэн судалгаа байдаг.
Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэнээс өрхийн орлого болон хөрөнгө өндөр гарлаа. Хүүхдийн мөнгө авна гэсэн хүлээлттэй байсан иргэд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан тул бухимдлаа. Төрийн мэдээллийг шинэчлээгүй, үүнд хяналт тавьж чадаагүйдээ уучлал хүсэж байна. Мэдээллийн давхардлыг Цагаан сараас өмнө залруулна. Иргэд мэдээллийг эзэмшигч тул хоёр талаас хамтран ажиллаж, мэдээллийн сангаа цэгцэлье. Учир нь мэдээлэл эзэмшигч нь иргэд өөрсдөө.
Энэ сарын 20-нд энэ сарын хүүхдийн мөнгийг өгнө. Гэвч мэдээллийн зөрүүний улмаас хүүхдийн мөнгөө цагтаа авч чадаагүй иргэдэд нөхөж олгоно" хэмээн ярилаа.