НҮБ-аас 2024 оныг Олон улсын Тэмээн овогтын жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Монгол тэмээ-тогтвортой хөгжлийн боломж” зөвлөлдөх хурал өнөөдөр /2024.11.15/ Төрийн ордонд боллоо.
Уг хурлаар Монголын тэмээний салбарын тогтвортой хөгжлийн асуудлыг хөндөн хэлэлцсэн юм. Салбарын бүтээмж, ашигт ажиллагаа, уян хатан байдлыг сайжруулах чиглэлд тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлох, шинэлэг арга барил, мэдлэг туршлага хуваалцах, хамтын ажиллагааг дэмжих талаар оролцогчид байр сууриа илэрхийллээ.
ХХААХҮЯ болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нь төслийн хүрээнд иргэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлийг хөгжүүлэх замаар тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд идэвх санаачилга гаргаж ажиллаж байгааг тодотгож байлаа.
Дэлхий дээр нийт 42 сая тэмээ байдгаас нэг сая нь хос бөхт тэмээ юм. Монгол Улсыг хос бөхт тэмээний өлгий нутаг гэж үздэг бөгөөд Говийн бүсийн экосистемийн салшгүй нэг хэсэг үздэг. Тэмээ нь говийн иргэдийн нүүдлийн уламжлал, ахуй соёл, амьжиргааны гол үндэс суурь болдог билээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ