БНХАУ-ын “Ногоон хот” хэмээн алдаршсан Гуанши мужийн төв Наньнин хотод болсон Дэлхийн ойн аж ахуйн хоёрдугаар чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан оролцлоо.
Чуулга уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх, ойн аж ахуйг хөгжүүлэх, хамрах хүрээг нь өргөжүүлэх, хүн, байгалийн тэнцвэртэй хөгжлийг хангах шинэлэг санаа, шинэ технологийн талаар хэлэлцжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан хэлсэн үгэндээ, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол, ундны ус, ой, шугуйн хомсдолыг даван туулахын төлөө нэг улс дангаараа бус, дэлхий нийтээр хамтран ажиллах нь чухал гэдгийг онцолсон байна.
2026 онд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахыг дэмжин, идэвхтэй хамтран ажиллах, хуралд оролцохыг уриалжээ.
Мөн Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын санаачилгаар “Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв” байгуулах ажил эрчимжиж байгааг дурджээ. Энэ төв байгуулагдсанаар хоёр улсын төдийгүй бүс нутгийн байгаль орчныг хамгаалах, ойн аж ахуйг сэргээхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцолсон байна.
Тэрбээр, БНХАУ болон бусад орны ойн чиглэлийн төрийн байгууллагын удирдлагуудтай харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, 2026 онд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахыг дэмжин, идэвхтэй хамтран ажиллах, хуралд оролцохыг уриалжээ.
Чуулга уулзалтыг зохион байгуулагч БНХАУ нийт ойн талбайн хэмжээгээрээ дэлхийд тавдугаарт буюу ОХУ (815 сая га), Бразил (497 сая га), Канад (347 сая га), АНУ (310 сая га)-ын дараа ордог.
Гэхдээ 87,6 сая га-с илүү талбайг нөхөн сэргээж ойжуулсан үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд 2030 он гэхэд 70 тэрбум мод тарьж, ургуулах зорилт тавин ажиллаж байна.
Тус улсын ойн болон бэлчээрийн салбарын нийт үйлдвэрлэлийн үнэлгээ 2023 онд 1.28 их наяд ам.долларт хүрч, хөдөө аж ахуйн салбарын 100 гаруй сая өрхөд дэмжлэг үзүүлж, 60 гаруй сая хүнийг ажлын байраар хангажээ.
Дэлхийн ойн аж ахуйн хоёрдугаар чуулга уулзалтад дэлхийн 90 орны 1,600 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар