Улсын онцгой комиссын хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Тавантолгой түлш компанийн Ерөнхий технологич Д.Өлзийбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр "Тавантолгой түлш компани 2019 оноос хойш Энержи Ресурс компанийн Ухаа худагт байрлах ил уурхайн мидлингийг ашиглаж байгаа. Зургаан жилийн хугацаанд хэрэглэсэн нүүрсний стандарт өөрчлөөгүй. Тавантолгой түлш компани нийслэлийн иргэдийг тасралтгүй түлшээр хангах үүрэгтэй. Өнөөдрийг хүртэл сайжруулсан түлшний түүхий эд болох мидлинг, барьцалдуулагч солигдоогүй.
Ерөнхийлөгчийн өчигдрийн хэлсэн үгэнд хариулт хэлэхэд 2020 онд Тавантолгойн зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсон. Тухайн үед Солонгос технологитой уурын хатаалгатай үйлдвэр байсан. Уурын хатаалга нь манай орны цаг уурын нөхцөлд тохирохгүй байсан тул 2022 онд шинэ технологийн хатаалгатай болсон. 2020 онд шахмал түлшний чийглэгийн агууламж 10 хувиас ихгүй гэж заасан байсан. Тухайн үед шахмал түлшний чийгийн агууламж 10 хувь байсан. 2022 оноос хойш шахмал түлшний чийгийн агууламж 6 хувиас бага үйлдвэрлэж эхэлсэн. Жилд 520-560 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж байна" гэв.