fitness
  • 544 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-19

Хятадын Статистикийн товчооноос өчигдөр нийтэлсэн мэдээллээр, 2022 оны эцсээр Хятадын хүн ам өмнөх оны мөн үетэй харьцуулахад 850 мянгаар буурчээ. Энэ нь сүүлийн 60 жилд БНХАУ-ын хүн ам буурсан анхны тохиолдол аж. Сүүлд 1961 онд л нас баралт төрөлтөөс илүү байв. Хүн ам буурах үзэгдэл судлаачдын таамагласнаас хавьгүй эрт тохиож байгаа нь түгшээж байна хэмээн тус улсын шинжээчид онцолжээ. 

Нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 2.1 болоход хүн амын өсөлт зогслоо гэж үздэг. Хятадын хүн амын эргэн нөхөгдөх түвшин буюу нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 2021 оны байдлаар 1.15 байв. Улмаар НҮБ-аас Хятадын хүн амыг энэ зууны төгсгөлд 1.06 тэрбум болно гэх тооцооллоо өнгөрсөн онд 800 сая орчим болгож бууруулсан билээ.

БНХАУ нэг хүүхдийн бодлогоо цуцалж, 2021 оноос хосуудад гурав хүртэлх хүүхэдтэй болохыг зөвшөөрч эхэлсэн. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалтгүй байгаа зэргээс шалтгаалан гэр бүлүүд нэгээс илүү хүүхэд барагтай гаргахгүй байгаа нь хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд саад болж буй.  

Дэлхийн хүн ам өнгөрсөн арваннэгдүгээр сард найман тэрбумын босгыг давсан. Дэлхийн хүн ам хурдтай нэмэгдсээр байгаа ч удахгүй өсөхөө больж, дүр зураг нь мэдэгдэхүйц өөрчлөгдөхийг хүн ам зүйчид анхааруулж байгаа юм. 1920-оод оны эхээр хоёр тэрбум дахь хүнээ өлгийдөн авсан хүн төрөлхтөн 35 жилийн дараа гурван тэрбумуулаа болж, улмаар 10-15 жил тутамд нэг тэрбумаар тэлсээр өнөөдрийг хүрсэн. Дэлхийн хүн ам 2080 оны хавьцаа 10 тэрбум давах тооцоолол бий. 

2050 онд дэлхий даяар төрөх хоёр хүүхэд тутмын нэг нь БНХАУ, Энэтхэг, Пакистан, Филиппин, Нигери, Танзани, Этиоп, Ардчилсан Конго, Египет гэсэн найман улсын нэгэнд төрнө гэж судлаачид тооцолж байсан. Гэвч эдүгээ Хятадын хүн амын өсөлтийн дүр зургийг харахад энэ тооцоолол биелэх эсэх нь тодорхойгүй байна. 

ДЭМБ-ын статистик мэдээллээр, дэлхийн хэмжээнд нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 1965 онд 5, 1985 онд 3.5, 2005 онд 2.6 байсан бол 2019 оны байдлаар 2.4 байна. Австрали, Европ, Хойд Америк тивийн улс орнууд бараг тэр чигтээ, Азийн зарим улс орны эмэгтэйчүүдийн төрөлтийн түвшин хэдийн 2.1-ээс бага буй. Жишээ нь, Болгар, Литва, Латви, Сербийн хүн ам өнгөрсөн жилийнхээс дор хаяж нэг хувиар багассан гэж НҮБ тооцоолжээ. Энэ зууны эцэс гэхэд Япон, Испани тэргүүтэй 23 улсын хүн ам хоёр дахин буурна. 

    Бусад мэдээ

    Энэ онд 2355 гарааш чөлөөлнө

    Энэ онд 2355 гарааш чөлөөлнө

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанба

    Бид хоол идэж байна уу? Хорт хавдар идэж байна уу?

    Бид хоол идэж байна уу? Хорт хавдар идэж байна уу?

    Эрүүл монгол хүн байхын гол үндэс бол эрүүл, чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх яв

    Ариунзул С.
    Ариунзул С.