Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 1992-2024 он хүртэл нутаг дэвсгэрийг төлөөлсөн 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн бол, 2024 оноос хойш сонгуулийн холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй парламент, түүнээс бүрдсэн хамтарсан Засгийн газар өөрийн түүхийг бичиж эхэлж байна.
Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн 2024 он өндөрлөх дөхөж, улс төр, нийгэм, эдийн засгийн бүтцийг шинээр харах нийгмийн захиалга бүхий түүхэн хариуцлагатай 2025 он эхлэх дөхөж байна. Өнгөрснөө зөв дүгнэхгүйгээр, ирээдүйг зөв тодорхойлох боломжгүй гэдэгчлэн өнөөдрийн энэхүү мэдээллийг ондоо багтаж өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Өчигдөр та бид хамтдаа 16-20 жил гацсан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөх шийдвэр гаргалаа. Ерөнхий сайдын хувьд улс орны хөгжлийн томоохон асуудлыг том зургаар нь харж, дэмжсэнд талархал илэрхийлье.
Төслүүд гацсан үндсэн суурь шалтгаан эрх ашгийн сонирхол байсан гэдгийг ч олон талаас нь дүгнэн ярилцлаа. Шүүхийн шатанд, цэцийн шатанд төслүүд гацсан шалтгаанууд, улс төрийн нөлөөлөл, авлигын хэргүүдийн шүүхийн шатанд эргэж буцсан олон шийдлүүдийн зангилааг ч үе солигдсон шинэ парламент нөлөөтэй толины тусгалгүй олж харж, тогтолцооны хувьд засаж чадна гэдэгт гүнээ итгэж байна.
Ирээдүйн хөгжлийн боломжоо дахин алдахгүйн тулд бид өнөөдөр өвчнөө зөв оношилж, зөв эмчлэх ёстой. Хуримтлагдсан асуудлуудыг хамгийн зөв оношлох аргачлал бол хүний оролцоогүй цахим шилжилт билээ.
Аливаа асуудалтай тэмцэхийн тулд асуудлыг бүрдүүлж буй хөрстэй нь тэмцэх ёстой гэдэгтэй ч санал нэг байна. Энэ л агуулгаар төрийн байгууллагуудын салангид мэдээлэл, өгөгдлийг цэгцэлж, нэгдсэн дүгнэлт хийхийн тулд E-Mongolia платформыг Эстони улсын туршлагад тулгуурлан нээж, өнөөдөр хоёр сая орчим хэрэглэгчтэй болж, 1263 үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлж эхлээд байна.
E-Mongolia дөрвөн удаа шинэчлэгдсэн бөгөөд цаашид төрийн байгууллагууд нэгдсэн цахим шуудангаар хоорондоо харилцдаг болох, төр иргэн хоорондоо мэдээлэл солилцдог болох, шаардлагатай мэдээллийг иргэн өөрийн цахим хаягнаас татаж авдаг байх, банкны салингад төлбөрийн системүүд хоорондоо солилцдог болох чиглэлд хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сантай сүүлд уялдуулсан нь ч хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх давхар зорилготой байсан.
Е-Mongolia төслөөс гадна shilen.gov.mn цахим хуудсыг нээж, төрийн байгууллагуудын худалдан авалт, сангуудын зарцуулалтыг ил тод болгож, яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой мэдээлэл хариуцагч байгууллагын 970,355 мэдээллийг ил болгож, зарим мэдээлэл нь жагсаалтын түвшинд, зарим мэдээлэл нь Улсын Их Хуралд нээлттэй сонсголын хэлбэрээр зохион байгуулагдаж түвшинд очсон нь тухайн үед нийгмийг бухимдуулсан ч иргэдийн мэдэх эрхийг хангаж, цаашдын алдааг засах, мөн 2023 онд Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барих хөрсийг бүрдүүлсэн гэж үзэж болно.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш буюу хоёр жил долоон сарын хугацаанд уг хуульд байнга нээлттэй байхаар заасан таван чиглэлийн 68 төрлийн мэдээллийн ил тод байдалд “Шилэн индекс”-ийн үнэлгээ хийхэд, мэдээлэл хариуцагч 564 байгууллагын дундаж үзүүлэлт 67 хувьтай гарсан байна.
Энэхүү мэдээлэлд тулгуурлан Монгол Улсын Засгийн газраас Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд энэ намрын чуулган завсарлахаас Улсын Их Хуралд өмнө өргөн барихаар бэлтгэл ажлаа хангасан. Энэхүү хууль батлагдвал олон улсын байгууллагуудын олон жил Монгол Улсад зөвлөсөн зөвлөмж бодит ажил болж, төрийн өмчит компани 40 орчим хувиар багасаж, ашиг орлоготой компаниуд нэгдсэн корпорацийн зарчмаар ажиллах болно.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн төсвийн байгууллагын 1511 нь мэдээллээ нээлттэй байршуулсан бол төрийн өмчит 119 компанийн ашиг, алдагдлын мэдээлэл нийтэд ил болоод байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Засгийн газраас ирэх хаврын чуулганаар цахим өгөгдөлд тулгуурлаж, татварын багц хууль, нийгмийн даатгалын багц хуулийг, хөрөнгө оруулалтын хуультай хамтад нь өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудын өргөн төлөөлөлтэйгээр олон жил яригдсан энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан Засгийн газрын мега төслүүд амжиж хөдлөх нь суурь тоонуудыг тооцоход амин чухал байгаа гэдгийг дахин хэлье.
Эдгээр гурван эрх зүйн реформыг бид хаврын чуулганд багтан цогцоор нь шийдвэрлэж чадвал, 2025 оны улсын төсөв их өгөгдөлд тулгуурласан төсөв байх боломж бүрдэх бөгөөд зөөлөн дэд бүтцийн хөгжил рүү илүүтэй чиглүүлэхээр тооцож байна.
2028 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг одоогийн ханшаар 10.0 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай.
Бид асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй хөгжлийн шинэ эрин үед амьдарч байна. Хүн төрөлхтөн уурын хөдөлгүүр үүсэж, механикжсан технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалаас, дотоод шаталтын хөдөлгүүр нэвтэрч, авто машин, нисэх онгоц, эрчим хүч хэрэглээнд нэвтэрч, масс үйлдвэрлэл хөгжсөн хоёрдугаар хувьсгал хүртэл дунджаар 100-120 жилийг зарцуулсан бол компьютер, тоон технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалаас интернетийн сүлжээ, ухаалаг технологид шилжсэн дөрөвдүгээр хувьсгал хүртэл ердөө 30 орчим жилийг зарцуулсан байна.
Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан шинжлэх ухаан, өндөр технологийн хурдтай хөгжил, AI хиймэл оюун ухаанд суурилсан аж үйлдвэрийн тав, цаашлаад зургадугаар хувьсгалтай хөл нийлүүлэн алхаж, шинэ эдийн засгийн бүтэцтэй болоход Монгол Улс дараах гурван шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байна. Үүнд,
Нэгдүгээрт, AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт:
o Их өгөгдөлд суурилсан төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин
o Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн бүтээмжийг нэмэгдүүлэх
o Төрийн бүтээмж, гүйцэтгэл, үнэлгээний уялдаа холбоо
o Төрийн үйлчилгээний оновчтой, хүртээмжтэй байдал сайжрах
Хоёрдугаарт, Ногоон хөгжлийн шилжилт:
o Цэвэр эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний шилжилт
o Цахилгаан автомашины хэрэглээний шилжилт
o Ногоон байгууламжийн стандарт, орчны бохирдлыг бууруулах
o Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээр, усны нөөцийн асуудал
Гуравдугаарт, Хүний нөөцийн шилжилт:
o Боловсролын салбар хөдөлмөрийн зах зээлийн уялдаа
o Нийгмийн даатгал, татварын орчин, орон сууц, Баялгийн сангийн уялдаа холбоо
o Хөдөлмөрийн үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
Цахим шилжилт бол зөвхөн төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх, эсхүл аль нэг салбарын асуудал биш, харин бүх салбарыг хамарсан шинэ эдийн засгийн суурийг бүрдүүлэх зөөлөн дэд бүтэц юм. Их өгөгдөл байхгүй бол дүн шинжилгээ хийх боломжгүй, дүн шинжилгээ хийхгүй бол оновчтой, зөв шийдвэр гаргахгүй.
Өнөөдрийн мэдээллийн үндсэн зорилго бол Засгийн газраас эдгээр гурван шилжилт болон үүн дотор цахим шилжилтийг эрчимжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал анхаарлаа хандуулж, хамтарч ажиллахыг хүсэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.