Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.06.09) болж, автозам, төмөр зам, иргэний нисэхийн салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, НҮБ-ын "COP-17", “Дэлхийн адууны өдөр" зэрэг олон улсын томоохон арга хэмжээ, хурал уулзалтын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан харьяа байгууллагуудад хариуцлагыг чангатгах, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн онцгой үүрэг даалгаварыг өглөө. Тухайлбал, сүүлийн үед нийслэл хотод скүтер, суррон, мопедтой холбоотой осол аваарын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах, насанд хүрээгүй хүүхдээр цахилгаан тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хяналт шалгалтыг чангатгаж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн ЗТЯ-ны Автотээврийн бодлого зохицуулалтын газарт цахилгаан тээврийн хэрэгслийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдтэй уулзалтыг зохион байгуулж, хууль, дүрмийн хэрэгжилтийг хамтран сахиулах чиглэлээр нэгдсэн зохицуулалт хийж ажиллахыг санууллаа.
Эх сурвалж: ЗТЯ