Тус мэдэгдэлд "Төв аймгийн Засаг даргын 2024 оны А/776 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дагуу 27 суманд Тамхины хяналтын тухай хуулийн болон аймгийн Засаг даргын 2023 оны "Электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай" А/312 дугаар захирамжийн хэрэгжилтийн явцад хяналт шалтгалт хийхэд хууль, тогтоомж зөрчиж тамхи худалдан борлуулах зөвшөөрөл олгосон зарим дэлгүүрүүдэд холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.
Судалгаагаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 1120 орчим хүүхэд вэйп буюу электрон тамхийг байнга хэрэглэдэг бөгөөд тэдний 20 хүүхэд нь уушгины өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хяналт шалгалт хийхэд өдөрт 100 гаруй электрон тамхийг тогтмол хураан авч байгаа бөгөөд 2024 онд эцэг эхчүүдээс электрон тамхитай холбоотой 50 гаруй гомдол мэдээлэл сургуулийн захиргаа болон сум, аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлээд байна.
Электрон тамхийг байнга хэрэглэдэг 20 хүүхэд уушгины өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.
Вэйп буюу электрон тамхийг Монгол Улсад худалдан борлуулах талаар хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүйгээс өсвөр насны хүүхдүүдийн зүй зохисгүй хэрэглээ ихсэж хүрээгээ тэлэн, тэдний эрүүл мэндэд нь сөрөг үр дагавар гарч, үе тэнгийн хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна.
Эцэг, эх асран хамгаалагчид, ерөнхий боловсролын сургуулиудын захиргаанаас вэйп буюу электрон тамхийг худалдан борлуулахыг хориглох талаар удаа дараа хүсэлт гаргасан тул аймаг, сумын Засаг даргын Тамгын газраас 27 суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр болон супер маркет, сүлжээ дэлгүүрүүдтэй харилцан зөвшилцөж, Вэйп буюу электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй болсныг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
Түүнчлэн "Бидний хойч үе болсон хүүхэд залуучууд эрүүл, аюулгүй, элдэв хорт зуршилгүй нийгэмд өсөж торних ёстой" хэмээн онцлов.