Энэ сарын 20-ны өдрийн байдлаар Улаанбаатарын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.1 хувь, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар тус тус өсжээ.
Улаанбаатарт байрладаг, иргэд, олон нийт ихээр үйлчлүүлдэг 13 хүнсний зах, худалдааны төв, супермаркетад хийсэн 21 нэр төрлийн 32 хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн энэ сарын гурав дахь долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногтой харьцуулахад 14 нэрийн барааны үнэ (43.8%) тогтвортой байжээ.
Есөн нэрийн барааны үнэ (28.1%) өссөн бол есөн нэрийн барааны үнэ буурсан байна.
Махны дундаж үнэ - Энэ сарын 20-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 15642 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19008 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар буурч, 19008 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.9 хувиар өсөж 21880 байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.0 хувиар өсөж 15642 төгрөг, хонины цул махны үнэ 0.9 хувиар өсөж 16274 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор зах, Бөмбөгөр, Барс” захуудад хамгийн хямд буюу 14500 төгрөгөөр, Харин үхрийн ястай мах “Хархорин” захад хамгийн хямд буюу 16000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Гурилын үнэ - “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4222 төгрөг, дээд зэрэг нь 3176 төгрөг, 1-р зэрэг нь 2220 төгрөг, 2-р зэрэг нь 1368 төгрөг байна.
Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4200 төгрөг, дээд зэрэг нь 3000 төгрөг, 1-р зэрэг нь 2100 төгрөг, 2-р зэрэг нь 1600 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2470-2800 төгрөгийн үнэтэй байна. “Оргил супермаркет” худалдааны төвд “Атар” талхыг хамгийн хямд буюу 2470 төгрөгөөр, харин “Cаруул” захад 2700 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ - Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол байцай 1.2 хувиар буурч, 2766 төгрөг, хүрэн манжин 1.9 хувиар өсөж, 3642 төгрөг, монгол сонгино 1.3 хувиар өсөж 3547 төгрөг, монгол лууван 0.8 хувиар буурч, 2536 төгрөг байна. Харин монгол төмсний үнэ тогтмол байна.