УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.
Цагдаагийн байгууллагын мэдээллээр зөвхөн 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн 8,563 гэмт хэрэг бүртгэжээ. Ганцхан жилийн дотор
2022 онд цахим орчинд үйлдсэн гэмт хэргийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Цахим орчин дахь гэмт хэрэг огцом хурдан өсөж байхад түүнээс урьдчилан сэргийлэх, шийдвэртэй тэмцэх ажил удаан, хуучинсаг байна. Шинэ орчны гэмт хэрэгтэй шинэ орчинд нь тэмцэх шаардлагатай гэв.
Олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ялгаварлан гадуурхалд өртдөггүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ баталгаатай эдэлдэг байх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.
Монгол Улсаас бүртгэлтэй 300,000 буюу түүнээс дээш тооны хэрэглэгчтэй бол тухайн олон нийтийн сүлжээ төлөөлөгчийн газар нээж ажиллуулна.
Мөн олон нийтийн сүлжээнд үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөрчилтэй контентыг нэн яаралтай тодорхойлох, олж илрүүлэх, таслан зогсоох, цахим гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн үндсийг тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх нь энэ хуулийн зорилго гэлээ.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар хүний захидал харилцааны нууцад халдахгүй. Олон нийтийн буюу 3 ба түүнээс дээш хэрэглэгчтэй цахим сүлжээнд нийтэд хүний эрхэнд халдсан, гэмт хэргийн шинж бүхий сөрөг агуулгатай контент нийтлэх, түгээх харилцаанд хамааруулж зохицуулжээ.
Хэрэглэгчийн эрх үүрэг, хүний эрхийг зөрчсөн, гэмт хэргийн агуулга бүхий контенттой тэмцэх тогтолцоог тогтоож өгчээ.
Олон нийтийн сүлжээний үйлчилгээ үзүүлж байгаа этгээд гэж хэнийг хэлэх, ямар эрх, үүрэгтэй байх, зөрчилтэй контенттой холбогдуулан хэрэглэгчээс ирсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэх, хэрэв Монгол Улсаас бүртгэлтэй 300,000 буюу түүнээс дээш тооны хэрэглэгчтэй бол төлөөлөгчийн газар нээж ажиллуулах, хэрэглэгчийг баталгаатай утасны дугаар, эсхүл цахим шуудангийн хаягаар баталгаажуулан бүртгэх, зөрчилтэй контентын талаарх олон нийттэй харилцах нэгжийн хүсэлт, шийдвэрийг хүлээн авч, долоо хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй болно.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нь төр дангаар хийх боломжгүй тул технологийн салбарын мэргэжлийн шинжээч, судлаачид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссын идэвхтэй оролцох бололцоог хуульчилна.
Зөрчилтэй контентыг хянан шийдвэрлэх, олон нийтийн сүлжээний эрхлэгчтэй хамтран ажиллах нэгж байна. Хүний эрхийг зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй контентыг 24 цагаар тасралтгүй илрүүлж, оношлон тодорхойлж, нэн яаралтай горимоор сүлжээ эрхлэгчид нотлон мэдээлэх үүрэгтэй ажиллана. Уг нэгжийг улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн бүтцэд багтаан байгуулна.
Засгийн газрын яамд, холбогдох байгууллагуудаас санал авч, төсөл боловсруулах ажилд оролцоог нь хангажээ.
Түүнчлэн хувь хүний хуулиар тогтоосон алдар нэрийг хүндэтгэх зарчмыг бэхжүүлэх үүднээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хүний хувийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд хүргэхдээ мэдээллийн эзэнд нь мэдэгдэл хүргэнэ.
Нийтийн албан тушаалтан, төрийн байгууллага хувь хүний мэдээлэлд хүндэтгэлтэй хандах, ямарваа байдлаар олон нийтийн сүлжээнд дэлгэдэг зохисгүй байдлыг бүрмөсөн хориглоно.
Үүний эхлэл болгож татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина.
Удаа дараа татварын зөрчил гаргасан хүнийг тухайн хүнд нь мэдэгдэл хүргэсний үндсэн дээр зөвхөн нэр, татвар төлөгчийн дугаар, зөрчлийн мэдээллийн хамт олон нийтэд нийтэлнэ.
Засгийн газраас Улсын Их Хурлаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр өчигдөр энэ төслийг өргөн мэдүүлжээ. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хэлэлцсэн байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.
Төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад уулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 43 гишүүний 60 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.