Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан таван нам эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламентын стратеги төлөвлөгөө, баримтлах бодлогыг танилцууллаа. Ирэх дөрвөн жилд хэрэгжих УИХ-ын стратеги төлөвлөгөө нь парламентын засаглалыг хөгжүүлж, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд түшиглэсэн эрх зүйн орчныг бий болгоход чиглэж буйг хэллээ. Тэрээр УИХ стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа олон улсын жишиг аргачлалыг судалж, мэргэжлийн байгууллагуудын санал бодлыг нээлттэй тусгасан талаар дэлгэрэнгүй танилцуулав. Ингэхдээ, хүнээ дээдэлсэн, эрхийг нь хамгаалсан хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлж, хүн төвтэй байх зарчмыг эрхэм зорилго болгосон гэлээ.
УИХ-ын дарга хэлэхдээ олон нам эвслийн төлөөллөөс бүрдсэн энэ удаагийн парламент 30 жилийн турш улс төржиж гацсан, Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг удаашруулсан асуудлуудыг зөвшилцлийн аргаар шийдэж, томоохон төслүүдийг урагшуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн нь том ахиц дэвшил хэмээн онцлон тэмдэглэв. Түүнчлэн Улаанбаатар хотоос 265 км зайд орших Дундговь аймаг нь газар зүйн байршлынхаа онцлогт тулгуурлан нийслэл хот, говийн бүсийн ханган нийлүүлэлтийн төв болон хурдацтай хөгжих боломжтойг онцоллоо.
Үргэлжлүүлэн, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хаврын чуулганаар хэлэлцэх зарим хууль тогтоомжийн тухай болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулиар 100 мянгаас дээш хүн амтай аймагт төр хувийн хэвшлийн түншлэлийн ажлыг явуулж болно гэсэн агуулга бүхий заалт нь тухайлбал 46 000 хүн амтай Дундговь аймагт томоохон бүтээн байгуулалт, хамтарсан хөрөнгө оруулалт зэргийг хийж хэрэгжүүлэх эрх зүйн боломжийг хязгаарлаж байгаа аж. Тиймээс Улсын Их Хурал дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цөөн хүн амтай аймаг орон нутгийн хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах хүсэлтийг Монгол Улсын Их Хурлын даргад уламжиллаа. Мөн тэрбээр Улсын Их Хурлаар Төрийн албаны шинэчлэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан, төрийн албыг илүү хүртээмжтэй, чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх үүднээс шалгуур үзүүлэлтийг уян хатан болгох шаардлагатайг тус аймгийн жишээн дээр онцоллоо. Улсын Их Хурлын дарга болон гишүүд аймгийн удирдлагын тавьсан эдгээр асуудалд онцгой анхаарч эрх зүйн шийдлийг боловсруулахад хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн уулзалтаар Дундговь аймгийн иргэд орон нутагт тулгамдаж буй асуудлууд, төсвийн хөрөнгө оруулалт шаардлагатай зарим бүтээн байгуулалтын ажлууд болон хууль, тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд асуулт тавьж, хариулт авлаа. Иргэдийн зүгээс цахилгаан дулааны үнийн шөнийн тарифын хөнгөлөлт, Дундговь аймагт баригдаж буй дулааны станцын гүйцэтгэл, сургууль, эмнэлгийн барилгын шинэчлэл, уул уурхайн нөхөн сэргээлт зэрэг салбар бүрийн асуудлуудыг дэвшүүлж, нээлттэй ярилцлаа. Уулзалтын төгсгөлд Дундговь аймагт ийнхүү арван жилийн дараа Улсын Их Хурлын дарга ирж ажиллаж буйд нутгийн иргэд талархал илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.