ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст өвчин болон Улаанбурханы нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Цагаан сарын золголттой холбоотойгоор томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар маш хариуцлагатай байх хэрэгтэй байна гэдгийг анхааруулав.
Хоолой нь өвдсөн, халуурсан, тууралт гарсан хүнтэй хавьтал болсон бол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг зөвлөв. Учир нь Улаанбурханы вирус нь халдварлалт маш өндөртэй байдаг ба тууралт гарахаас өмнөх болон тууралт гарсны дараах дөрвөн хоногт хамгийн их халдвар тарааж байдаг аж.
Тусгаарлалтын арга хэмжээг яаралтай авч байгаа учир хавьтал болсон иргэд эрүүл мэндийн байгууллагатай шуурхай хамтран ажиллаж, тандалт судалгаа, вакциндаа хамрагдан өөрийгөө ажиглах, гэртээ зочин урихгүй, олон нийтийн газраар явахгүй байх шаардлагатай гэв.
Дэлхий нийтээр гуравдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 58 улс оронд Улаанбурхан өвчин бүртгэгдэж байна. Энэ дундаа манай улсын иргэдийн олноор зорчдог Вьетнам, Тайланд зэрэг улсууд орсон хэвээр байна. Мөн ОХУ-д тус өвчний дэгдэлт өндөр хэмжээнд бүртгэгдэж байна гэв.
Иймд иргэд өөрийгөө вакцин хийлгүүлж байсан эсэхийг тодруулж, вакцинаа хийлгүүлэх хэрэгтэй байна гэв. Нөхөн дархлаажуулалт болон товлолын вакциныг өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр хийж байгаа. Сайн дурын дархлаажуулалт ХӨСҮТ дээр хийгдэж байгаа юм байна.