Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурал өнөөдөр 11:00 цагт товлогдсон. Уг хурлаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэн, тодорхой болгоно гэдэг хүлээлт үүсгээд байгаа.
Гэвч УЗ-ийн 42 гишүүн шинэ Ерөнхий сайд дээр санал тогтсон ч гадагш зарлахгүй байлгаж байгаад ирэх Даваа гарагт хуралдах Бага хуралд нэрийг нь оруулан хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тиймээс энэ удаагийн УЗ-ийн хурлаар Бага хурлын товыг тогтоно гэдэг мэдээллийг намаас өгөөд буй.
Түүнчлэн УЗ рүү нэг биш нэлээн хэдэн хүний нэрийг оруулсан бөгөөд тэдэн дундаас сонголт хийнэ гэдэг зүйл яригдаж байгаа.
УЗ-ийн зарим гишүүн хуралд орохын өмнө сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн "Санхүү, эдийн засгийн өндөр мэдлэгтэй хүн Ерөнхий сайд болох ёстой" гэсэн бол Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар "Намын эв нэгдлийн хангаад явж чадах хүнийг гаргаж ирэх ёстой. Хамгийн гол нь намын эв нэгдэл. Нам дотроо хөлөө жийлцээд эхэлбэл юу болдгийг Ардчилсан Нам харуулж байна" гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Том том олон юм ярихаас илүү аж ахуйн ажилдаа сайн, хийж байгаа ажил нь ил харагддаг хүн Ерөнхий сайд болоосой гэж бодож байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Дараагийн Ерөнхий сайдын томилгооны эргэн тойронд нисэж буй бор шувуудын жиргээнээс онцолбол, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Бага хурлын заалнаас нэрээ дэвшүүлэхээр бэлдэж байгаа, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинэ Ерөнхий сайд болж, түүний ажлыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд шилжүүлнэ гэх яриа нам дотор гарч эхэлжээ.