УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар цаг үеийн мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"Оюутолгой стратегийн бүлэг ордод хамаарах "Онтре" ХХК-ийн талбай руу орох Панел 1-ийн бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орсныг "Оюутолгой" ХХК мэдэгдлээ.
Энэ нь нэг талаас эгзэгтэй боловч нөгөө талаас шийдлийн үүц нээгдсэн цаг үе мөн. Монгол Улсын эрх ашгийг хангасан, харилцан ашигтай шинэ хөрөнгө оруулалтын гэрээг яаралтай байгуулах нь зөв.
Тиймээс Үндсэн хуулийн 6.2, Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д заасны дагуу Монголын тал 34 хувийн энгийн хувьцаа эзэмших эсвэл өсөн нэмэгдэх АМНАТ-аар орлуулах хэлэлцээрийг шинэ Засгийн газар нэн даруй эцэслэн УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай.
Шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Монгол Улсын хүртэх өгөөж мэдэгдэхүйц нэмэгдэж, ноогдол ашиг авах хугацаа 8-10 жилээр наашлах бодит боломж нээгдэнэ. Мөн түүнчлэн Оюутолгойн олборлолтыг бүрэн хэмжээнд, саадгүй, тогтвортой урт хугацаанд явуулах боломжийг цаг алдалгүй нээж өгөх нь зөв" гэлээ.