Улаанбаатар хотод өчигдөр орсон борооны үеэр ус зайлуулах шугамууд хэрхэн ажиллаж байсан талаар Геодези, Усны Барилга Байгууламжийн Газраас/ГУББГ/ өнөөдөр/2025.06.24/ мэдээлэл өглөө.
Борооны үеэр ус их тогтдог байршлуудад дөрвөн машин гаргаж, усыг соруулжээ.
Энэ тухай Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Б.Бямбасайхан "Бид одоо УИД-ийн урд талын авто зам дээр ирсэн байна. Өчигдөр орсон борооны улмаас хотын төв хэсэг болон захаар их хэмжээний ус тогтсон.
"Авто зам дээр борооны ус зайлуулах шугамгүйгээс ус тогтож байна, шугам тавиач ээ" гэсэн мэдээлэл цахим орчинд түгээд байна. Яагаад ус тогтсон тухай товч мэдээллийг өгье.
Төв талбайн хоёр талын усыг Дунд гол руу гаргадаг дөрөвдүгээр коллекторын шугам
Улсын Их Дэлгүүр орчмын усыг Хүүхдийн 100 руу авч Дунд гол руу нийлүүлдэг гуравдугаар коллекторын шугам тус тус байдаг.
Их дэлгүүрийн орчмын авто зам дээр ус зайлуулах 40:80-ын шүүрт худгууд байдаг. Эдгээрийг нөхцөл байдлаас нь хамаарч зураг төслийн мэргэжлийн байгууллагууд 50 метрт, шаардлагатай бол 5, 6 метрт суурилуулахаар төлөвлөдөг. Өчигдрийн бороо нь хойд тал руугаа буюу Телевиз, Дэнжийн мянга, Баянбүрд орчимд их хэмжээний орсон учраас хотын төв рүү ус орж ирсэн. 40:80-ын шүүрт худгаар тэр их хэмжээний усыг нэгэн зэрэг зайлуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл зөөлөн борооны усыг шүүрт худаг бүгдийг авчихна. Харин пал хийтэл асгасан борооны усыг жижиг шүүрт худгууд өөрийн чадлаараа зайлуулж гаргадаг гэсэн үг.
Өчигдөр Их дэлгүүрийн хажуугийн шүүрт худаг усаар дүүрсэн, иргэд бродюр дээгүүр явж байсан. Бороо зогсоод 20 минутын дараа энэ байршилд усгүй болсон байв. Ус зайлуулах шугамуудын гаргалгааг шалгахад шугамууд дүүрэн хамаг ачааллаараа ажиллаж байсан.
Борооны үеэр ус их тогтдог байршлуудад дөрвөн машин гаргаж, усыг соруулсан.
Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр өчигдөр Улаанбаатар хотод 18мм хур тунадас орсон байна.
Бидний мэдэж байгаагаар 2023 онд Дарь-Эх орчимд болсон Жамсран уулын үерийн үеэр 20 минутын турш 12мм хур тунадас нэгж талбар дээр орсон учир уруйн үер болсон гээд байгаа юм. Өчигдөр нийслэл хотод 18мм-ийн тархмал байдалтай үер буулаа" гэлээ.
Энэ жил борооны ус зайлуулах шугам угсрах байршлуудын талаар "Улаанбаатар хотод хамгийн их ус тогтдог 24 байршлын зургийг өнгөрсөн жил боловсруулж, энэ жил долоон байршилд 15.6 километр борооны ус зайлуулах шугамыг угсрахаар ажиллаж байна. Зургаадугаар сарын 2-ноос есдүгээр сарын 1-ний хооронд замын хөдөлгөөнд ачаалал үүсгэхгүйгээр эдгээр шугамыг угсарна.
Иргэдийн мэддэгээр өнгөрсөн жил завь тавьдаг байсан Нарны гүүр болон Вокзал, Бөмбөгөрийн урд тал, Энхтайвны гүүрний доод тал, Саппород борооны ус зайлуулах шугамыг есдүгээр сарын 1-нээс өмнө угсарч дуусгана. Өчигдрийн борооны дараа эдгээр байршил устай байсан.
Улаанбаатар хот ус, дулаан, цахилгаан, цэвэр, бохир, мэдээлэл холбооны аалзны тор шиг шугам сүлжээтэй.
Энхтайвны гүүрний доороос Дунд гол руу шууд ус зайлуулах шугам хийчхэж болдоггүй. Газар доор хөдөлгөх боломжгүй дулааны болон бохирын шугам, өндрийн кабелиуд байдаг учир мэргэжлийн байгууллагуудын гаргасан зургийн дагуу ус зайлуулах шугамыг угсардаг юм.
Өнгөрсөн жил нийслэл хотын 50 байршилд борооны ус зайлуулах шугам угсрах шаардлагатай гэсэн судалгаа гарсан байсан. Үүнээс 15 байршилд 5.1 километр ус зайлуулах шугамыг угсарсан. Тухайлбал Тахилтын нүхэн гарц дээр машин живээд байдаг, өчигдрийн борооноор усгүй байсан. Энэ жишгээр борооны ус зайлуулах шугамыг үе шаттайгаар угсарч байгаа" хэмээн тэрбээр тодотгов.