Хятадын орныг таних мэдэх “Өвөр Монголын соёлын өдрүүд”-ийг энэ сарын 16-19-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Энэ үеэр “Хятад, Монголын найрамдлыг бэхжүүлж хамтын ажиллагаа хамтын хөгжлийг ахиулъя” сэдэвт үзэсгэлэнг Уран зургийн галерейд олны хүртээл болгож, улс төр, эдийн засаг, соёл, нийгэм, экологийн соёл иргэншил, хятад хэл сурах бичиг, хүүхдийн уран зохиолын шилдэг номыг дэлгэнэ. Номын үзэсгэлэнд “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” хэмээх бүтээлийг уншигчдад танилцуулах өдөрлөг болох юм байна.
Түүнчлэн Өвөрмонгол, Монголын уран бүтээлчид Тэргэл сарны баярыг угтах урлагийн тоглолтыг Соёлын төв өргөөнд үзэгчдийн сонорыг мялаахаас гадна “Prime Cineplex”, “Тэнгис” кино театрт “Нэйжа-2: Хувилгаан хүү далайг түйвээсэн нь”, “Цагаан могойн үлгэр: Хаан амилсан нь”, “Лай фу зочид буудал”, “Дэргэд минь ирээч”, “Сэжигтнийг аварсан нь” зэрэг дэлгэцийн бүтээлийг монголчуудад үзүүлж, Монгол, Хятадын кино уран бүтээлчдийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.