Улаанбаатар хот улсын эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. Харин 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг дараа жил нь буюу 2024-2025 оны өвөл нөхөж чадсан.
Энэхүү хэрэглээг нөхөхөд Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц голлох үүргийг гүйцэтгэсэн. Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан.
Ингэснээр 2011 онд эхэлсэн ч олон жил гацсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг 2024 оны аравдугаар сард ашиглалтад оруулж, арванхоёрдугаар сард төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон юм.Бөөрөлжүүтийн цахилгаан станц Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй, 100 хувь биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлжээ. Наймдугаар сарын байдлаар хоногийн дундаж ачаалал 140 МВт орчим байсан. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2024 оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл төвийн бүсийн нэгдсэн системд ойролцоогоор 600 сая квт.цаг эрчим хүч нийлүүлээд байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын I блокийг ашиглалтад оруулсны дараа II блокийн ажлыг эхлүүлсэн. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийн барилга угсралтын ажил арванхоёрдугаар сарын 5-нд дуусахаар, хуваарийн дагуу төлөвлөгөөт ажлууд цаг хугацааны дагуу үргэлжилж байгаа юм.Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөж байна.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ