fitness
  • 156 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-09-30

 

Ярилцсан Т.Өнөрсайхан

МУИС-ийн дэд профессор, доктор /Ph.D/, сэтгүүлч

 

     Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүйн салбарын 65 жилийн ой тохиож байна. Энэ бол нэг тэнхимийн уламжлалт ойн баяр биш юм. Энэ бол Монгол Улсад мэргэжлийн сэтгүүлч бэлтгэж эхэлсэн, сэтгүүл зүйн судалгаа, сургалт эх сууриа тавьж, өнөөгийн сэтгүүл зүйн салбарын хөгжлийг авчирсан ой билээ. МУСГЗ, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ломбын Норовсүрэн анх оюутан болж босгыг нь алхсан тэнхимтэйгээ 1978 оноос ажил амьдралаа холбож явна. Дөч гаруй жилийн туршлагаас харахад хийж сурах, үйлдэж сурах их чухал юм байна гэдгийг ахмад багш онцолж байна.

 

   -Төвийн томоохон хэвлэлд сурвалжилга, найруулал нь гардаг, 10 гаруй жилийн туршлагатай идэвхтэн бичигч мэргэжлийн сэтгүүлч болохоор зориглож 1978 онд Сэтгүүл зүйн тэнхимийн хоёр дахь удаагийн нээлтийн анхны элсэлтээр орж ирсэн. Энэ үеийн оюутны амьдрал, тэнхимийн тухай та хамгийн сайн мэдэх хүний нэг байх. 1970-аад оны төгсгөл 1980-аад оны эхэн үеийн оюутны амьдралаасаа хуваалцахгүй юу?

-Би хөдөө орон нутагт 10 гаруй жил ажилласан хүн. Их сургуульд 30 настай орж ирсэн хөгшин оюутан. Өмнө нь  цаг уурын дунд мэргэжилтэй болж, цаг уурт ажилладаг хүн байсан. Цаг уурын ажил бол аймгийнхаа хөдөө аж ахуйн удирдах газрын харьяанд байдаг. Энд нэг дүрэм журам үйлчилж байсан. Ажиллаж байгаад сургуульд явах гэж байгаа хүн өөрийнхөө ажиллаж байгаа чиглэлээр сургуульд явна. Бага ангийн багш бол Багшийн дээд сургууль, дунд мэргэжлийн малын бага эмч Хөдөө аж ахуйн дээд сургуульд явна. Гэтэл би цаг уурт ажилладаг, цаг уурын ажилтан хүн  Хөдөө аж ахуйн дээд сургуульд л явах ёстой. Тийм дүрэм байсан юм. Тиймээс сургуульд явъя гэхээр  “Чи Хөдөө аж ахуйн дээд сургууль явгээд 5-6 жил сургуульд өргөдөл өгсөн ч  миний сурах мэргэжил таардаггүй. Би болохоор монгол хэл, эсвэл сэтгүүлчийн ангид сурна гэдэг.  Сэтгүүлчийн анги нь Намын дээд сургуульд байсан учир намын гишүүн биш хүнийг авахгүй.  Урьд нь хоёроос гурван ч  удаа конкурс өгөөд монгол хэлний ангид тэнцчихсэн. Тэгээд багш биш юм байна гээд хасагдчихдаг. Тэгэхээр миний ард орсон, багш хийж байгаа нөхөд явчихдаг. 1978 онд МУИС-ийн монгол хэлний ангид гурав дахь удаагаа өрсөлдөөд мөн л тэнцчихлээ. Энэ удаад нэлээд хэл амтайгаар элсэх томилолт авсан.

 Тэр үед аймгийн сонинууд сониноо бие биедээ солилцдог байсан. Тэгээд манай сонин Дундговьд очно. Л.Норовсүрэн гэдэг хүн баахан юм бичсэн байна. Дундговийн сонин манайд очихоор Д.Цэрэннадмид гэдэг хүн баахан юм бичсэн байна. Тэгээд аймгийн сониныхон зүс царайгаа үзээгүй мөртөө бичсэн юмаараа эчнээ танилууд болчихдрг байлаа. Нэг өдөр хичээлийн завсарлагаар манай ангийн хүүхдүүд “Тантай нэг хүн уулзъя” гэж байна гэв. Коридорт гараад иртэл нэг монхор хамартай нөхөр зогсож байна. Би Дундговийн Улаан туг-ийн Д.Цэрэннадмид байна. Чи Говь-Алтайн “Алтайн хөгжил”-ийн Л.Норовсүрэн мөн үү?” гэх нь тэр. Би мөн гэлээ. Ингэж эчнээ бие биеэ мэддэг байсан нөхөд уулзав. Тэр нөхөр Би 10 дугаар анги төгссөн жаахан хүүхдүүдтэй хамт сурч байна. Хоёулаа үе тэнгийн юм чинь гангар гунгар гэж байя. Чи сэтгүүлчийн ангид ороод ирээч гэж мань хүн намайг ятгав. Тэгээд хөөцөлдөж эхэллээ.  Тэгж дээгүүр доогуур явж байж сэтгүүлчийн ангид орж ирсэн. Ингэж л мэргэжлийн сэтгүүлч болох замаа эхэлсэн юм. Би чинь 16 настайгаасаа аймгийн сонинд мэдээ бичдэг байлаа. Их сургуульд орж ирэхдээ  “Үнэн”, “Залуучуудын үнэн” гээд бүгдэд нь юмаа нийтлүүлдэг. Хэвлэлийнхэн мэддэг нөхөр орж ирсэн юм. Тэгээд өнөөдрийг хүртэл явж байна. Биднийг  сэтгүүл зүйн сургалтын  хоёр дахь удаагийн нээлтийн анхны элсэлтээр ороход С.Чулуунцэрэн, С.Жамбалдорж гэсэн хоёр багш цагаар хичээл зааж байлаа. “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, “Тоншуул” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч байсан Г.Дэлэг багш 1979 онд их сургуульд томилогдож тэнхимийн эрхлэгч болсон. Биднийг хоёрдугаар курсэд ордог жил юм даа. Тэрнээс өмнө манай анги Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимийн харьяанд байж Цэнд-Аюуш, Биндэръяа нар анги дааж, цагийн багш нар хичээл ордог байлаа. 1979 оноос тэнхимтэй болж Г.Дэлэг багш эрхлэгчээр томилогдон “Хэвлэлийн онол, дадлага”, “Хэвлэлийн түүх” гэдэг хоёр хичээл ордог болсон. Явцын дундаас Л.Бадамханд гэдэг багш “Зөвлөлтийн хэвлэлийн түүх”, “Гадаадын хэвлэлийн түүх” гэж ордог болсон. 1981 онд “Үнэн” сонинд ажиллаж байсан Ц.Цогтсайхан гэдэг багш ирсэн. Тэр бол бага шиг залуу байсан даа. 1981 онд М.Зулькафиль төгсөн ирж, 1982 онд би төгсөж багш болсон. Мэргэжлийн хичээл цөөхөн, голдуу ерөнхий эрдэм, нийгмийн ухааны хичээл ордог байлаа.

-Арав гаруй жил завсарласны дараа Монгол Улсын Их Сургуульд Сэтгүүл зүйн тэнхим эргэн ирж, дахин байгуулагдсан. Энэ үед анхны оюутан болж, бас анхны багш нарын нэг болох ховор хувь танд тохиожээ.

-Манай анги чинь их сургуулийн сэтгүүл зүйн салбарын хоёр дахь удаагийн нээлтийн анхны элсэгчид л дээ. 1978-1982 онд сурч төгссөн. Анги маань 28 оюутантай байсан. Төгсөөд хэвлэл мэдээллийн янз бүрийн салбаруудад хуваарилагдсан. Сэтгүүлчид өнөөдөр шиг төгсчихөөд өөрсдөө ажлаа олдог, дуртай юмаа хийдэг байгаагүй. Төгсөнгүүтээ Сэтгүүлчдийн холбоо руу очдог. Сэтгүүлчдийн холбоо ажилд хуваарилдаг байсан. Сэтгүүлчдийн холбооны орлогч дарга Д.Үржинбадам манай ангийнхныг холбоон дээрээ аваачиж ажилд хуваарилсан юм. Тэгээд надаас бусад нь бүгд ажилтай боллоо. Надад ажил байдаггүй. “Би хаана очих вэ? Яагаад надад хуваарь өгөхгүй байна?” гэвэл “Чи явж их сургууль руу Г.Дэлэг багш дээрээ оч” гэлээ. Өмнө нь яриад тохирчихсон байсан юм байна лээ. “Г.Дэлэг багш дээр очоод, тан дээр оч гэж байна” гэсэн чинь “Чи Дээд боловсролын хорооны Болд гэдэг хүн дээр оч” гэв. Болд дээр яваад очтол “Чамайг их сургуульд багшаар авч байгаа. Наймдугаар сарын 15-нд коллегийн хурлаар орно. Одоо амраад явж бай” гэсэн. Тэгээд наймдугаар сард коллегийн хурлаар орж ажлын туршлага, хувийн амьдрал гэх мэт олон юм асууж,  орос хэлний мэдлэг шалгаж, сорьж сонжиж байж Их сургуульд хуваарилсан даа. Тэр үед Их сургуулийн багшийг өнөөгийнх шиг тэнхим мэдээд авчихдаггүй, анхан шатны нэгжээс саналаа шат шатанд гаргаж олон шүүлтүүр дамжиж явж эцэст нь Дээд боловсролын хорооны коллегийн хурлаар орж багш болох эсэхээ шийдүүлдэг байсан юм. Дөнгөж сургууль төгссөн надад тэр коллегийн хурал сүрдмээр байсан. Хорооны даргыг  академич Н.Содном давхар хариуцдаг, орлогчоор нь нэрт физикч, доктор Д.Чүлтэм, хожим хөдөлмөрийн баатар болсон Т.Дашцэдэн, Боловсон хүчин, захиргааны газрын дарга нь Д.Болд гэх мэт эрдэм номын томчууд нийлсэн арав шахам хүн байсан санагдана.  

-Ингээд өчигдрийн оюутан 1982 оноос эхлэн тэнхимийнхээ багш болж, сэтгүүл зүйн сургалт судалгааны олон чиглэлийг хөгжүүлэн, заримынх нь эх суурийг тавьж. Таныг энэ замд хөтлөхөд тухайн үед тэнхимийн эрхлэгч байсан Гэндэнжамцын Дэлэг багш нөлөөлсөн байх. Хичээл заалгаж байсан оюутан, нэг тэнхимийн хамтран зүтгэгч байсны хувьд та Г.Дэлэг багшийгаа дурсахгүй юу? Энэ жил 100 насны ой нь тохиож байна.

-Г.Дэлэг багш хүний хувьд  эцэг шиг, ах шиг тэгэж оюутантай харьцдаг. Ёстой жинхэнэ хал үзэж, халуун чулуу долоосон, их юм үзэж мэдсэн, олон газар оронд явсан, нүд нь нээгдсэн том сэхээтэн л дээ. Социализмын үед дэлхийн Коммунист ажилчны намуудын хэвлэл хоорондоо холбоотой ажиллаж бие биеэсээ туршлага судалдаг. Тэр утгаараа “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч гэдэг хүн Франц, Итали, Англи, Герман гээд дандаа Европын том орнуудын Коммунист, ажилчны намын хэвлэлүүдэд туршлага судлах, харилцан айлчлах, зочлох гээд их түлхүү явдаг. Тэр шинжээрээ явсан газар орныхоо талаар олон сайхан аян замын тэмдэглэл бичсэн. Монголын сэтгүүл зүйн аян замын тэмдэглэлийн гол төлөөлөгч, том сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдах ажилтан хүн л дээ.  Манай багш бол олон жил том ажил хийсэн, Төв хорооны Үзэл суртлын хэлтсээс авахуулаад “Үнэн” сонины орлогч эрхлэгчийг хоёр удаа, жинхэнэ эрхлэгчийг нэг удаа хийчихсэн. Их сайхан сэтгэлтэй, өөрөө их юм уншиж мэдчихсэн. Нэг тийм жижиг сажиг  асуудал энэ тэрийг мэдрэхгүй. Өөрөөр хэлбэл, том сэтгэдэг, аар шаархан юмыг тоодоггүй, тийм л сайхан хүн байсан. Монголын сэтгүүл зүйн анхны шинжлэх ухааны доктор юм шүү дээ. Сэтгүүл зүйд холбогддог улсуудаас 1930-аад онд Жамсрангийн Цэвээн Шинжлэх ухааны доктор хамгаалсан. Сэтгүүл зүйгээр биш л дээ. Цэвэр сэтгүүл зүйгээр шинжлэх ухааны доктор хийсэн анхны хүн бол Г.Дэлэг багш л даа. Түүнээс хойш эрдэмтэд ЗХУ-д голдуу явж олон хүн дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Гэхдээ яг сэтгүүл зүй гэж байгаагүй. Сэтгүүл зүйгээр хамгаалдаг зөвлөл ч байгаагүй. Нэг бол хэл бичгээр, философиор эсвэл түүхээр хамгаалдаг. Диссертацын нэг бүлгийг заавал намаас хэвлэл мэдээллийг удирдах гэсэн агуулгаар бичихгүй бол  болдоггүй тийм л үед хамгаалж байсан. Үндсэндээ ямар ч үзэл суртлын хольцгүй, цэвэр сэтгүүл зүйгээр хамгаалах ажил 1996 оноос эхэлсэн юм л даа. 1996 онд Сэтгүүл зүйгээр эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл бий болоод дарга нь Л.Түдэв гуай байсан. Тэр зөвлөлөөр анх цэвэр сэтгүүл зүй гэсэн нэр томьёогоор хамгаалсан хүн нь би юм  л даа.

- Та сая үзэл суртлын холцьгүй сэтгүүл зүйн тухай дурдлаа. Энэ үгийг түүхийн зарим үйл явдалтай холбож танаас асуумаар байна. 1960-аад оны сүүлчээр Сэтгүүл зүйн тэнхимийг Намын дээд сургууль руу явуулах,  1978 онд буцааж Их сургуульд авчрахад энэ үзэл суртал нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Магадгүй  цаг үе нь тийм л байсан учраас сэтгүүл зүйг үзэл суртал, намын бодлоготой хамтатгаж үздэг байсан байх.

-Монголын сэтгүүл зүй үндсэндээ 1913 оноос эхэлсэн. 1960-аад оныг хүртэл утга зохиолын авьяастай үндэсний сэхээтнүүдийн хүчинд тулгуурлаж явсан. Үндсэндээ энэ хугацаанд сэтгүүл зүй мэргэжлийн бус, практикийн шинжтэй явж ирсэн. Яагаад гэвэл үндэсний мэргэжлийн сэтгүүлч байгаагүй. 1960-аад он гэхэд нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгцээ шаардлага улам өссөн. Сэтгүүлчдийг мэргэжлийн түвшинд бэлтгэх шаардлага бий болж 1950-иад оны дунд үеэс ЗХУ, Герман зэрэг оронд бэлтгэж эхэлсэн. Тэдний эхний ээлжийнхэн 1960-аад оны эхэн үед төгсөж ирсэн. Энэ үеэс сэтгүүл зүйг шинжлэх ухааны үүднээс, мэргэжлийн түвшинд эрхлэн хөтлөх ажил эхэлсэн. Тэр хүрээнд үндэсний их сургуулиар сэтгүүлч бэлтгэх шаардлагатай юм байна гэсэн хэрэгцээ бий болж 1960 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетэд сэтгүүлчийн анги нээсэн. Нэг жилийн дараа 1961 онд сэтгүүл зүйн мэргэжлийн тэнхим байгуулсан. Анхны эрхлэгч нь Ленинградын их сургуулийн сэтгүүлчийн анги төгсөж ирээд “Үнэн” сонинд ажиллаж байсан Лувсандашийн Содов гэдэг хүн. Киевийн их сургуулийн багш, доцент И.Л.Демъянчук гэдэг хүн мэргэжилтнээр ирсэн байдаг. Тэр хүн сэтгүүл зүйн анхны мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөө болон бусад баримт бичгүүдийг боловсруулахдаа ЗХУ-д сэтгүүлч бэлтгэдэг стандартыг мөрдөн гол “ноён нуруу” болж ажилласан. Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсантай холбоотойгоор ЗХУ-д сэтгүүлч мэргэжил эзэмшсэн С.Чулуунцэрэн, Р.Төмөр, Коммунист намын дээд сургуулийн Сэтгүүлчийн анги төгссөн Т.Должин, ЗХУ-д сургууль төгссөн Д.Үржинбадам нар мэргэжлийн ангид багшилсан. Ингээд 1967 он хүртэл долоон жил их сургуульд сэтгүүлч бэлтгээд Намын дээд сургуульд шилжүүлсэн. Тэр үед хэвлэл мэдээллийн ажилтан гэдэг бол намын үзэл суртлын зэвсгийг гартаа атгаж байдаг хариуцлагатай алба байсан юм. Тэгэхээр 10 жилийн дунд сургуулийн дараа их сургуульд дөрвөн жил сэтгүүлчээр төгсөөд гарч байгаа хүүхдүүдэд намын хурц дайчин зэвсэг атгуулахад арай  балчирдаад байна. Дор хаяж намын хэвлэлд ажиллаж байгаа хүн намын гишүүн байх ёстой. Ийм том хариуцлагатай, үзэл суртлын ажил дээр төлөвшөөгүй, тогтоогүй хүүхдүүдийг ажиллуулах боломжгүй гэж үзээд Намын дээд сургуульд шилжүүлсэн. Намын дээд сургуульд урьд нь хэвлэл мэдээллийн газарт ажиллаж байсан, намын ажил хийж байсан, намын байгууллагад үзэл суртлын чиглэлээр ажиллаж байсан, намын гишүүн төлөвшчихсөн коммунистууд ирж сурч байсан. 1977 он хүртэл Намын дээд сургуульд нийтдээ 360 орчим сэтгүүлчийг бэлтгэсэн байдаг. Тэгээд 1970-аад оны сүүлч болоход ерөөсөө сэтгүүлч гэдэг мэргэжил бол дэлхийн аль ч улс оронд их сургуулийн бүрэлдэхүүнд байдаг юм байна. Хоёрдугаарт, заавал намын гишүүн хүн сэтгүүлч хийж байх албагүй. Тохитой томоотой  намын гишүүн намын хэвлэлдээ, төв хорооны хэвлэлдээ очдог юм байгаа биз. Бусад салбарын сонин хэвлэлд заавал намын гишүүн, төлөвшсөн коммунист ажиллах шаардлагагүй юм байна. Их сургуулийн бүрэлдэхүүнд байх нь зүйтэй гэж үзээд 1978 онд сэтгүүлчийн сургалтыг их сургуульд авчирсан. Тэрнээс хойш тогтвортой өнөөдрийг хүртэл их сургуулийн бүрэлдэхүүнд явж байна. Бусад олон сургуулиудад ч сэтгүүлч бэлтгэдэг болсон байна.

   - Намын дээд сургуулиас Монгол Улсын Их Сургуульд буцаж ирсэн сэтгүүл зүйн тэнхимийн 1980-аад оны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө баримт бичгүүд ямар онцлогтой байв? Ямар чиглэлийн хичээлүүд түлхүү орж байсан юм бол?

-Намын дээд сургуульд сэтгүүлчийн анги байх үед намын үзэл суртлын ажилтан бэлтгэх тал руугаа их түлхүү чиглэж байсан. Их сургуульд бол  харьцангуй академик сургалттай, сэтгүүл зүйн мэргэжилд түлхүү чиглэсэн ялгаатай сургалт явж байсан. Намын үзэл суртлын зэвсгийг атгаж байсан гэдэг утгаараа Намын дээд сургууль бол үзэл суртлын талын юм их ордог. Их сургуульд бол тэр нь харьцангуй багасаад нам үзэл суртал гэх юмаа нэг их ярьдаггүй. Цэвэр хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн түүх голдуу тийм л сургалттай байсан л даа. Багш нарын хувьд бол ЗХУ-д төгсчихсөн цэвэр сэтгүүл зүйгээ ярьдаг мэргэжлийн багш нар хичээл зааж байсан. Намын дээд сургуульд бол намын байгууллага, намын үзэл суртал ярьдаг улсууд хичээл заадаг. Яг сэтгүүл зүйн мэргэжлийн хичээлийг Г.Дэлэг багш цагаар орж байсан юм билээ. 1970-аад оны сүүлчээс их сургуульд ирсэн хойно  мэргэжлийн хичээл цөөн байсан. Уртаашаа сэтгүүл зүйн чиглэлийн долоон хичээл үздэг. Тэрний хоёр нь бичгийн машин, фото зураг. Энэ хоёрыг хасчихвал тавхан хичээл. ЗХУ-ын коммунист намын түүх, Оросын сэтгүүл зүйн түүх, Зөвлөлтийн хэвлэлийн түүх, Коммунист ажилчны намуудын хэвлэлийн түүх, Монголын хэвлэлийн түүх. Яг мэргэжлийн хичээл нь Хэвлэлийн онол, дадлага гэдэг хичээл байсан. 2020 он гэхэд сэтгүүл зүйн сугалтын хөтөлбөрт сэтгүүл зүйн мэргэжлийн хичээлийн тоо  22 хүрсэн байсан. Одоо яг хэд байна? Тэр үед фото, бичгийн машин хоёрыг хасчихвал таван хичээл л үздэг байсан. Манай сэтгүүл зүйн  сургалтын анхны төлөвлөгөөг боловсруулахад Зөвлөлтийн мэргэжилтэн их тус болсон. Ер нь оросын сэтгүүлч бэлтгэдэг зарчмаар л манай загвар явсан. Өнөөдөр эргээд харахад сэтгүүлчийн яг цэвэр мэдлэг харьцангуй тааруухан, ерөнхийдөө улс төр, ерөнхий эрдэм, нийгмийн ухааны чиглэлийн хичээл үздэг сургалт байсан юм. Сургалтын төлөвлөгөө чинь нэлээн хожуу үед гарсан юм шүү. Тийм тийм хичээл орно гээд заачихсан. Өнөөдөр хичээл бүр дээр сэдэвчилсэн төлөвлөгөө гэж байдаг шүү дээ. Тийм баримт бичиг тэр үед байгаагүй. 1980-аад оны сүүлчээр л уван цуван бий болсон. Тэр үед цөөхөн хичээл үздэг байсан. Шинэ хичээл нэмэгдэх бүрт хичээлийн хөтөлбөр, калегдарчилсан төлөвлөгөө хийгдээд явдаг байсан. Жишээ нь, бидний үед “Редакторлах зүй” гэдэг хичээл байгаагүй. “Редакторлах зүй” хичээлийг анх би заасан  учраас баримт бичгийг нь өөрөө боловсруулсан. “Бичлэгийн төрөл зүйл”, Сэтгүүл зүйн социологи, Хэвлэл мэдээллийн менежмент гэх мэт  хичээл байсангүй. Тэдгээрийг би анх заасан учраас бас л баримт бичгийг нь боловсруулж байсан.  Шинээр орж байгаа хичээлүүдийг зааж байгаа хүн л бичиг баримтыг нь боловсруулна шүү дээ. Энэ мэтчилэнгээр л багш бүр шинээр зааж байгаа хичээлийн хөтөлбөрийг боловсруулсаар өнөөдөр сэтгүүл зүйн мэргэжлийн 20 гаруй хичээлийн төлөвлөгөө биежиж бий болсон байна.

            -Эрдэмтэн судлаач болгон өөрийн нарийн судалгааны чиглэл, сэдэвтэй байдаг. Таны хувьд монголын сэтгүүл зүйн түүх, бичлэгийн төрөл зүйлийг олон талаар нь судалсан. Докторын ажил бичиж, судалгааны олон бүтээл хэвлүүлсэн. Энэ чиглэлүүдийг яагаад сонгож судлах болов?

-Түүхийг яагаад сонгосон бэ гэхээр надад нэлээн итгэл найдвар хүлээлгэж оюутан байхаас чиглүүлж байсан хүн бол Г.Дэлэг багш л даа. Би чинь Г.Дэлэг багшийн гарын шавь гэж явдаг. Гаднын улсууд ч гэсэн тэгж хэлдэг юм билээ. Г.Дэлэг багшийг залгамжилж байгаа хүн гэж. Төрөл зүйлийн хувьд би 10 гаруй жил хөдөө орон нутагт ажиллаж байхдаа сонин хэвлэлд их юм бичдэг. Орон нутгийн сонинд орон тоогоор ажиллаж байсан. Бараг хэдэн мянгаар тоологдох юм бичсэн байсан л даа. Тэр үеийн сонинууд мэдээнээс бусад бичвэрийн гарчгийн дор  жанрыг заавал тавьдаг байсан. Найруулал, сурвалжилга, тэмдэглэл гээд тавьдаг. Тэр их чухал зүйл байсан юм байна. Сурвалжилга бичихдээ төвийн том сонинуудын сурвалжилга гэсэн хаягтай хэд хэдэн бичвэрүүдийг зэрэгцүүлж тавьж байгаад цөмийг нь уншдаг. “Тэнэг хүн тэг дундуур нь” гэгчээр дундаас нь нэг иймэрхүү юм байдаг юм байна гэсэн төсөөллийг олж аваад дуурайлгаж бичдэг байлаа л даа. Найруулал, сурвалжилга, тэмдэглэлийг идэвхтэн байх үеэсээ бичсэн. Найруулал гэхэд “Үнэн” сониноос зарласан уралдаанд байр эзэлж байх жишээтэй. Ингэж  өөрөө практикаар юм бичээд сурчихсан. Би оюутан байхдаа Багшийн сургуулийн байранд нэг жил суусан юм. Хөдөө ажиллаж байхдаа бичсэн юмаа сонин тус бүрээр төрөлжүүлээд нэг нэг хавтсанд хийж бүртгэл хөтөлдөг байлаа. Мэдээ, сурвалжилга, гэрэл зураг гээд бараг бүх төрөл зүйлээр бичсэн 5000 орчим юм байсан. Тэр шуудайтай юмныхаа хүчээр сэтгүүлчийн ангид орсон юм. Харамсалтай нь зуны амралтаар яваад иртэл Багшийн сургуулийн оюутны байранд их засвар ороод нөгөө бичсэн юмны маань цуглуулгыг гаргаад хаячихсан байсан. Их сургуульд орж ирсэн чинь багш нар бичлэгийн төрөл зүйл заахаар миний ойлгож байсан төсөөлөлтэй адилхан юм яриад байхгүй юу. Тэгэхээр нь би энэ төрөл зүйл гэдэг зүйлийг жаахан төсөөлдөг болчихсон юм байна гэж бодно шүү дээ. Тэр үеэс төрөл зүйлийг жаахан сонирхон судлах болсон.  Би 1980-аад оны сүүлчээс эхэлсэн юм даа. Жанруудын тухай жаахан жаахан юм үзэж хараад цуглуулдаг байсан. 1994 онд “Сонины бичлэгийн төрөл зүйл” гэдэг ном гаргалаа. Тэрнээс өмнө сонины бичлэгийн төрөл зүйлээр Баянхонгорын Дарамжав, Шарав-Иш, Д.Үржинбадам, Ц.Мөнхжаргал гээд улсуудын жижигхэн товхимлууд гарч байсан. Нэг товхимолд 5-6 жанрын тухай бичсэн байдаг. Миний 1994 онд гаргасан “Сонины бичлэгийн төрөл зүйл” бол сурах бичгийн шинжтэй, жанрын талаар нэлээд олон зүйлийг багтаасан цогцолбор маягийн бүтээл юм л даа. Тэрүүгээр дэд доктор хамгааллаа. Дахин 2-3 удаа баяжуулаад төрөл зүйлийн тухай сурах бичиг хийлээ. Яахав өнөөдрийг хүртэл төрөл зүйлээр өөр дорвитой юм гараагүй байна  л даа. Төрөл зүйлийн хувьд бол өөрийгөө бас нэг төлөөлөх хүн гэж боддог. Гол нь  олон юм уншиж харьцуулж үзээд практикаар олж авсан мэдлэг туршлага нэг суурь нь болсон. Нөгөө талаар Зөвлөлтийн сонины бичлэгийн төрөл зүйл гэж ном гарсан байсан. Тэр үед чинь 1990-ээд он хүртэл оросын юмнаас бусад нь үндсэндээ хаалттай, ер нь байхгүй байлаа шүү дээ. Ийм хоёр тулгуур дээр л төрөл зүйлийн тухай ойлголтоо нэгтгэж бичиж байсан л даа. Сэтгүүл зүйн түүхийн тухайд Г.Дэлэг багш коммунист үзэл суртлын үүднээс монголын хэвлэлийн түүхийг бичсэн. Намын үзэл суртлын тавигдаж байгаа шаардлага, зарчимд үндэслэж бараг үг, өгүүлбэр болгон нь намын байр сууринаас  хандсан “уклон”-той тийм түүх л дээ. Би бол  монголын сэтгүүл зүйн түүхийг баяжуулсан, урагш, хойш нь өргөтгөж залгамжилсан гэж хэлж болно. Цоо шинээр бичсэн гэж хэлэхгүй. Гол нь хэвлэлийн түүхийг тэр үзэл суртлаас л салгасан юм. “Урагш, хойш” гэж хэлдгийн учир бол сэтгүүл зүйн өмнөх үзэгдэл гэдэг юмыг гаргаж ирсэн, сэтгүүл зүйн түүхийн салшгүй хэсэг болох нийтлэлийн асуудлыг XIII зууны үеэс бодит сэтгүүл зүй үүсэх хүртэл тоймлон гаргаж ирснийг хэлж байгаа юм. Г.Дэлэг багш бол монголын сэтгүүл зүйн түүхийг үндсэндээ 1970 он хүртэл бичжээ. Гэхдээ зөвхөн тогтмол хэвлэлийн түүхийг бичсэн юм. Түүн дээр миний нэмсэн нь радио, телевиз, мэдээллийн агентлаг, гэрэл зураг, баримтат кино гэдэг ч юмуу сэтгүүл зүйтэй тухайн үед холбогдож байсан бусад “предмет”-үүдээр баяжуулж залгамжилсан. Үндсэндээ тогтмол хэвлэлийн түүхийг 2000-аад он гартал цааш нь  үргэлжлүүлсэн. Тэгээд ч 1970-аад оноос хойш монголын тогтмол хэвлэлийн түүхэнд их том том сэдвүүд орж ирсэн. Том бүтээн байгуулалтууд, Эрдэнэт, Багануур гэх мэт үйлдвэр соёлын том төвүүд бий боллоо. Монгол хүн сансарт нислээ. Атрын хоёр дахь аян эхэллээ. Их барилга бүх нийтийн үйлс гэдэг аян өрнөлөө. Тэр бүхэнтэй холбоотойгоор нийтлэлийн том том сэдвүүд гарч ирсэн. Тэр бүхнийг тусгаж түүхийг үргэлжлүүлсэн. Дөчөөд жил багшлахдаа нийт 60 гаруй ном бичснээс 40 гаруй нь цэвэр сэтгүүл зүйн чиглэлээр бичсэн юмнууд байна. Түүнийгээ нэгтгээд 2019 онд “Сэтгүүл зүй” гэсэн 21 боть бүтээл болгосон.

-Өнөөдөр сэтгүүл зүйн сургалтад монголын сэтгүүл зүйн түүх заавал судлах голлох хичээлийн нэг байсаар байна. Уламжлалгүй шинэчлэл байдаггүй учраас түүхээ судалж өнөөдрийг ойлгож, маргаашийг хардаг учиртай. Таны 1990-ээд онд зааж байсан “Бичлэгийн төрөл зүйл” хичээл ч мөн адил олон задарч 4-5 төрлийн нарийвчилсан судлагдахуун нэгэнт болжээ. Сая та “Сэтгүүл зүйн судлал, шүүмжлэл” хичээлийн семинарт суулаа. Оюутнууд маань хэр зэрэг байна?

  -Одооны хүүхдүүд их сайжирсан байна шүү. “Маргаашийн сэтгүүлчид өнөөдөр бичиж байна”  номонд орж байгаа оютны нийтлэлийг хараад байхад улам чангараад байгаа шүү. Өглөө семинарын хичээлд суулаа. Шүүмж бичсэн байна. Мундаг бичсэн байна, сүрхий бичсэн байна. Онолын мэдлэг  сууж байгаа, тэрийгээ практикт сайн ашиглаж байгаа байдал ажиглагдаж байна. Гурван оюутан шүүмжээ уншлаа. Сүрхий, бүр нэг сэтгэл сэргэмээр сайхан бичиж байна шүү. Хийж сурах, үйлдэж сурах их чухал юм байна гэдэг нь харагдаж байна л даа. Сэтгүүлчдийн маань хойч үе найдвартай залгамжлагчдаар бэлтгэгдэж байгаад дөчин жил сэтгүүлч бэлтгэхэд хүч хөдөлмөрөө заруулсан өвгөн багшийн хувьд их баяртай байна шүү.

 

 

 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн