Монгол Улсын Засгийн газар болон Францын “Орано майнинг САС”-тай “Зөөвч-Овоо” ураны төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах Хөрөнгө оруулалтын гэрээг 2025 оны нэгдүгээр сарын 17-нд байгууллаа.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт хэрэгжих энэхүү төсөл нь “Оюу толгой” төслөөс хойших гуравдагч хөрштэй хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ юм. Төслийн бүтээн байгуулалтын ажил 2026 онд эхэлж, 2028 оны аравдугаар сард Зөөвч-Овоо ордын уурхай үндсэн олборлолтоо эхлүүлж, анхны бүтээгдэхүүнээ гаргана. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 2,500 тонн, нийт 68.9 мянган тонн ураны шар нунтаг үйлдвэрлэх юм.
Мөн “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд 2025 оны хоёрдугаар сарын 14-нд гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Монгол Улсын боомтын хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, нүүрсний экспортыг жилд дунджаар 165 сая тоннд хүргэх энэхүү төсөл шийдвэрлэгдсэнээр цаашид Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.