fitness
  • 418 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-30

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 83.6 хувьтай байжээ. Тухайлбал, зуслангийн бүсийн орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор барилга, байгууламж, байгаль орчин, хог хаягдал зэрэг гурван чиглэлийн найман арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас суурь судалгааг авч, нэгтгэх ажлыг хийж байна.

Мөн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор саарал усны шинэ технологийг нэвтрүүлэх, /Hybrid/ автомашины баттерей, моторын тос, тосол, аюултай хог хаягдлын талаар цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулахыг үүрэг болгосон юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автомашины баттерей, моторын тос, тосол дахин боловсруулдаг байгууллагуудад хяналт шалгалт хийхээр удирдамжийг боловсруулж байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах хүрээнд газар олголтын асуудлыг шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, нөхөх олговортойгоор газар чөлөөлөх, чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах зэрэг бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 28 ажлын 773 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөжээ.

Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг 45 хүнийг баривчилжээ

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг НЦУГ-ын дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав танилцуулав. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 13,940 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногоос 8.3 хувиар буурсан үзүүлэлт. Гэмт хэргийн шинжтэй 2714 гомдол, мэдээлэл хүлээж авсан нь 4.2 хувиар буурсан. Хүний амь хохирсон дуудлага, мэдээлэл 17.1 хувиар өссөн байна. Хулгайлах, залилах гэмт хэргийн дуудлага мөн өссөн. Дээрх хугацаанд 7692 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3.7 дахин өссөн үзүүлэлт. Эргүүл, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлсэнтэй холбоотойгоор зөрчлийн илрүүлэлт сайжирсан. Зөрчил гаргасан 7327 хүнд торгуулийн арга хэмжээ авч, 750 хүнийг эрүүлжүүллээ. 14 хоногийн хугацаанд 803 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 17.6 хувиар буурсан” хэмээв.

Сүүлийн гурван жилийн хугацаанд приус маркийн автомашины нүүрсэн яндан алдагдсан 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ийм 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь илрүүлж, нүүрсэн яндан хулгайлдаг дөрвөн бүлгийн 45 хүнийг баривчилжээ. Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгсэл нь яндантай тээврийн хэрэгслээс нүүрстөрөгчийн дутуу ислийг 4.5 дахин их хэмжээгээр ялгаруулж байгаа нь тогтоогдсон байна. Иймд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн НЦУГ-ыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран холбогдох арга хэмжээг авч, шийдвэрлэхийг үүрэг болгов.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдэд үлгэр жишээ болохуйц ажлыг Чингэлтэй дүүргийн нэг, хоёр, гурав, 12 дугаар хороонд хийж, Ногоон бүсийг бий болгожээ. Ингэснээр тухайн бүсэд гарсан гэмт хэрэг, дуудлагын мэдээлэл 40.3, халаасны  хулгайн гэмт хэрэг 18.3, танхайрах, олон нийтийн амгалан, тайван байдлыг алдагдуулах зөрчил 69.8 хувиар тус тус буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 40 хувиар өссөн эерэг үзүүлэлт байгааг дурдсан юм. Дээрх бүсийн 225 байршилд 553 камер байршуулжээ.

Зайсангийн замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан нь эерэг үр дүнтэй байна

Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 181 хяналтын цэгт давхардсан тоогоор 496 алба хаагч ажиллаж, 41,801 зөрчил илрүүлсэн. Харин хяналтын камераар 24,554 зөрчил илрүүллээ. Зам тээврийн ослын дуудлага 3187 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар буурсан үзүүлэлт. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 551 зөрчил илрүүлснээс 11 нь осол гаргасан. Зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үеэс буурсан” гэлээ.

Мөн ослын улмаас  нас барсан хүн болон эд материалын хохирол буурсан ч гэмтсэн хүний тоо өсжээ. Зайсан толгойн авто замын хөдөлгөөнд нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулж, зохион байгуулалтын арга хэмжээ авснаар замын хөдөлгөөний хурд өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн 07:00-08:00 цагийн хооронд 44, 12:00-13:00 цагийн хооронд 16, 17:00-18:00 цагийн хооронд 84 хувиар нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль эхэлсэн болон Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим нэмэгджээ.

Бусад мэдээ

Ачааны машины замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрлийг цахимаар авдаг боллоо

Ачааны машины замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрлийг цахимаар авдаг боллоо

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшө

Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг төвлөрсөн ч 106 сая төгрөг зарцуулжээ

Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг төвлөрсөн ч 106 сая төгрөг зарцуулжээ

Хүүхдийн төлөө санг 2021 онд байгуулсан. Энэ санд нийт 11 тэрбум төгрөгийг гурван эх үүсвэрээс бүрдү

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.