Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн 8 багц ажил 9.31 хувьтай хэрэгжиж байгааг Зам тээврийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал, багц 1 буюу дээд доод бүтцийн ажил 0.47 хувь, багц 2 буюу урт гүүрний ажил 8,84 хувийн гүйцэтгэлтэй. Монгол Улсын талын төмөр замын бүтээн байгуулалтын төслийн 8 багц ажлаас төмөр замын дээд, доод бүтцийн ажлууд өвлийн сул зогсолтод байгаа бол урт гүүрний барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна.
Урт гүүрний ажлын хүрээнд 2382 ширхэг шон суурийн ажил хийгдэхээс 1241 ширхэг, 291 ширхэг тулгуурын хөндлөн нуруу байгуулах /Ростверк/-аас 10 ш, 287 ш завсрын тулгуур байгуулахаас 3 ширхгийг хийж гүйцэтгэсэн байна.
Түр цахилгаан хангамжийн ажлын хүрээнд 4 километр уртад 74 тулгуур суулгаж, 35/10 кВ-ын 3 хэлхээт ЦДКШугам татсан. 4 байршилд КТП суурилуулсан бөгөөд БНХАУ-аас эрчим хүчинд холбох зөвшөөрлийн ажил хүлээгдэж байна.
Төслийн хүрээнд хэрэглэх бетоны материал болох дайргыг нөөцлөхөөр чулуу бутлуурын үйлдвэр угсрах ажил дууссан.
Бетон хэрэглэх дүүргэгч материалыг эхний ээлжид нийт 150000м3-ийг тэсэлж нөөцлөхөөр төлөвлөж байгаа ба төслийн талбайд өрөмдлөгийн ажил хийж эхэлсэн аж.