2025–2026 оны хичээлийн жилийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг нийслэл болон орон нутагт харилцан адилгүй хугацаагаар зохицуулсан.
Энэхүү ялгаатай зохицуулалтыг нийслэлд улирлын чанартай ханиад, томууны тархалт ихэсдэг үе, орон нутагт хаврын улиралд мал төллөх, өрхийн хөдөлмөрийн ачаалал нэмэгддэг онцлогийг харгалзан хэрэгжүүлж байгаа билээ.
Тодруулбал, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт ангийн түвшнээс хамааран 4–5 долоо хоног үргэлжилж буй.
Харин орон нутгийн бүх сургуулийн шинэ улирлын хичээл ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 19-нөөс албан ёсоор эхлэх юм. Ингэснээр орон нутгийн сурагчид нийслэлийн сурагчдаас хаврын улиралд нэг долоо хоногоор илүү амрах зохицуулалт хэрэгжиж байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хичээл ирэх долоо хоногт цахимаар үргэлжилнэ. Улмаар нэгдүгээр сарын 26-наас эхлэн нийслэлийн бүх ангийн сурагчид танхимын хичээлдээ бүрэн шилжих юм.