Монгол дархны “Дуут урлан” компаниас “Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлээ.
Энэхүү үзэсгэлэнд эх орноо хайрлах, өв соёлоо хүндэтгэх, дараагийн үедээ гоо зүй, утга агуулгатай үнэт зүйлийг өвлүүлэн үлдээх 50 гаруй бүтээлийг толилуулж байна.
“Дуут урлан” компанийн захирал Д.Баярхуяг захирал, “Энэ удаагийн үзэсгэлэнд 2025 онд шинээр урласан бүтээлүүдээ түлхүү дэлгэлээ. Монгол эх хүний хайр, энэрлийг уран бүтээлдээ илэрхийлсэн. Эх хүний хайр мөнхийн сэдэв. Үүнтэй холбоотой галын бэлгэдэлтэй, хүүхдээ хөхүүлж буй эхийн энхрий харцыг илэрхийлсэн үндэсний хэв шинжтэй лааны суурийн шинэ загварыг бүтээсэн” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр гал морин жилийн бэлгэдэл болсон, жигүүрт морь, галын дүрслэл, морин туурайн түүхэн утга санааг шингээсэн цом бүтээлийг толилуулж байна. Үүнээс гадна монголчуудын газар ус, лус савдгаа хайрлан тахиж ирсэн уламжлалыг илэрхийлсэн “Цагаан өвгөн Цэрэндүг” зэрэг шинэ бүтээл ч бий. Уран бүтээлч хүн бусдыг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Үзэсгэлэнгийн бүтээлүүдээрээ дамжуулан хүмүүсийг соён гэгээрүүлэх, ухааруулах, бие биеэ хайрлаж хүндэтгэх үзэл санааг түгээхийг зорьж байна" гэв.
Мөн тус компани монголчуудын соёлын үнэт өв болох сацлыг хийж, сацлын соёлыг олон нийтэд таниулж байна. ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулж буй эл үзэсгэлэн хоёрдугаар сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.










